

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн багш нар, Монголын Багш нарын холбооны Үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтраад өнөөдөр /2020.01.22/ өдөр АШУҮИС-ийн хуучин захирал Г.Батбаатарыг ажилд нь буцаан томилуулах болон хууль бус үйлдэл гарган шагналын журмаар багш нарт профессор цол олгож байгааг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулж байна.
Уг жагсаалыг өнөөдрөөс эхлэн /2020.01.22/ гурав хоног үргэлжлүүлнэ. Энэ хугацаанд асуудлыг шийдэж өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгийг жагсагчид хэллээ.
Сургуулийн багш ажилчдын хувьд АШУҮИС-ийн одоогийн захирал Ж.Цолмонг захирлын албан тушаалд томилсон цагаас эсэргүүцэж байсныг Багш нарын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга Д.Мөнхбаатар онцоллоо.
Жагсагчдын зүгээс албан бичгийг Боловсролын яаманд 6 удаа өгсөн ч өнөөг хүртэл "ажиллаж байна, судалж байна" гэсэн хариу өгч, шийдээгүй байгаа нь өнөөдрийн жагсаалыг хийх гол үндэслэл болсон гэлээ.
Өмнөх захирал Г.Батбаатар даргын хувьд гурван шатны шүүхээр үндэслэлгүйгээр ажлаас нь халсан гэх шүүхийн шийдвэр гарсан байхад ажилд нь эргэж томилохгүй байгаа нь нам, улс төртэй гэж тэд үзэж байна.
Мөн эрдмийн ажил хийдэггүй, профессор цол авахын тулд үндсэн шалгуурыг хангаагүй хүмүүст Ж.Цолмон захирлыг "Профессор" цол албан тушаалын шагналын журмаар олгож байгааг эсэргүүцэж буйгаа хэллээ.
Өнөөдрийн жагсаалд ажлаасаа халагдсан болон одоо ажиллаж байгаа багш нар оролцож, үзэл бодлоо илэрхийлэн жагсаж байна.
ШУУД ҮЗЭХ:
