Манай сайтын “Гэрэл зураг түүх өгүүлнэ” хуудас энэ удаа Ардын уран зохиолч, төрийн шагналт С.Эрдэнийн гэрэл зургийн цомгийг уншигч танд дэлгэж байна.
С.Эрдэнэ Хэнтий аймгийн Биндэр суманд 1929 оны 12 сарын 7-нд төрсөн.
1939 оноос сургууль соёлын мөр хөөж орон нутагтаа бага сургууль, Улаанбаатарт Офицерийн сургууль, МУИС төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. 1955 оноос тухайн үедээ Хий судлалын гэж нэрлэгдэж байсан Сэтгэлийн мэдрэлийн эмнэлэгт их эмч, “Эрүүл мэнд” сэтгүүлийн эрхлэгч, 1961-1979 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн хэвлэл “Цог” сэтгүүл, “Утга зохиол, урлаг” сонины эрхлэгч Монголын Зохиолчдын Эвлэлийн Хорооны нарийн бичгийн дарга, үргэлжилсэн үгийн зохиолын зөвлөлийн эрхлэгч, мэргэжлийн зохиолчоор ажилласан байна
1949 оноос уран бүтээлээ эхэлж “Тал нутгаар явахдаа” шүлгийн түүвэр, “Өдрийн од”, “Малын хөлийн тоос”, “Наран тогоруу” зэрэг тууж өгүүллэгүүд, “Миний эх орон-миний тоонот”, “Шилмэл өгүүллэгүүд” зэрэг өгүүллэгийн түүвэр, “Нэгэн жил өнгөрөхөд”, “Хөх хулгана жил”, “Өдрийн од”, “Жаргах нас”, “Цасан доорх ногоо”, “Уянгын туужууд” туужууд, “Амьдралын тойрог”, “Занабазар”, “Хойд насандаа учирна” роман, “Алтан өргөө”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” /Д.Маам, Д.Батбаяртай хамтарсан/, “Эх бүрдийн домог”, “Их замын эхэнд”, “Сэрүүн дуганы мөхөл” кино, “Хатуу тоглоом”, “Биеэ татах ухаан” жүжиг, “Дөчин өдрийн тэмдэглэл”, “Хар хун шувуу”, “Халхын заяат харгуй минь” дурдатгал туурвиж Монголын утга зохиолын эрдэнэсийн санд уран бүтээлээ мөнхөлсөн сод авьяас билэгтэн байжээ
Богино хэлбэрийн хүүрнэлт зохиолд утга уянга, сэтгэхүйн нарийн шижмийг өвөрмөцөөр хослуулан байгаль, хүний сэтгэлийн гоо сайхныг нээн үзүүлэхэд шинэчлэл хийж, “Чулуут голын цуурай”, “Малын хөлийн тоос”, “Хөлсний ажил” зэрэг зохиолоороо төрийн шагнал хүртсэн байна. “Монголын соёлын сан”-г үндэслэн байгуулалцаж эх орны түүх, соёлын дурсгалыг хамгаалах, сэргээн бүтээхэд олон жилийн хөдөлмөрөө зориулсан соёлын гарамгай зүтгэлтэн байжээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одонгоор шагнажээ.
С.Эрдэнийн алдартай бүтээлүүд
Нэрт зохиолчийн хүү Э.Бат-Үүл баатар ардчиллын алтан хараацай бөгөөд төр, түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа нэгэн билээ.
Э.Бат-Үүл эхнэрийн хамт