Мөнгөн болон хувьцаа хэлбэрээр олгож буй ногдол ашгийг заавал Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан олгохоор болов
Хөрөнгийн биржид "Эрдэнэс цагаан суварга", "Баян-Алдар " ББСБ, "Баянтээг", "Стандарт ноос" зэрэг компани ТУЗ-ийн хурлын зараа ирүүлэээд байна. Мөн "Мандал даатгал" болон "Дарханы дулааны цахилгаан станц" санхүүгийн тайлангаа хүргүүлжээ
Компанийн тухай хуульд заасны дагуу Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулах журамтай. Ийн ногдол ашиг хуваарилах эсэхээ эцэслэн шийдвэрлэдэг. Тухайлбал, Монголын хөрөнгийн биржийн мэдээлснээр “Дархан нэхий” компани нэгж хувьцаандаа 210 төгрөг буюу 232.1 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон хуваарилах гэж байна.
Энэ нь ногдол ашиг тараахаа мэдэгдсэн анхны компани болж байгаа юм. Тус компани ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтаа энэ сарын 25-нд гаргах аж. Ногдол ашиг тараахтай холбогдуулан
Санхүүгийн зохицуулах хорооны энэ оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн шийдвэрээр мөнгөн болон хувьцаа хэлбэрээр олгож буй ногдол ашгийг заавал Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан олгож байх шийдвэр гаргасан билээ.
Уг шийдвэртэй холбогдуулан компаниуд өөрийн байранд ногдол ашиг тараахаа цаашид зогсоохоор болж байна. Бизнесийн орчны нэг барометр болох ногдол ашгийн нийт хэмжээ 2017 оноос хойш эрс нэмэгдэх болсон. Зах зээлийн тоглогчид олширсон төдийгүй хувьцаат компаниуд ногдол ашиг хуваарилахаа чухалчлах болсон нь хөрөнгийн зах зээлийн идэвх сэргэхэд нөлөөлж буй. Эргэн сануулахад, 2018 онд 21 компани нийт 145.8 тэрбум төгрөгийн ногдол ашиг тарааж байв. Энэ нь 2017 оныхоос 75.4 тэрбум төгрөгөөр өссөн дүн.
2017 онд 23 компани ногдол ашиг хэлбэрээр хөрөнгө оруулагчдадаа өгөөж хүртээж байв. Монголын хөрөнгийн бирж болон Монголын үнэт цаасны биржид бүртгэлтэй 220 орчим компанийн 10 гаруй хувь нь ногдол ашиг хуваарилахаар болсон. 2019 онд дээрх зураглал мөн адил давтагдсан билээ. Гэхдээ ногдол ашиг олгосон компанийн тоо нэмэгдэж, 32 болсон юм.
Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад гурав дахин өндөр үзүүлэлт байлаа. Үүнээс 19 нь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр ногдол ашгаа дамжуулан хувьцаа эзэмшигчдийнхээ дансанд байршуулсан юм. Хөрөнгийн биржид “Эрдэнэс цагаан суварга”, “Баян-Алдар” ББСБ, “Баянтээг”, “Стандарт ноос” зэрэг компани ТУЗ-ийн хурлын зараа ирүүлээд буй. Мөн “Мандал даатгал” болон “Дарханы дулааны цахилгаан станц” санхүүгийн тайлангаа хүргүүлжээ.
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ