Хөвсгөл аймгийн төвд коронавирусийн сэжигтэй тохиолдол 1 -ээр бүртгэгдэж тусгаарлагдсан тул өчигдөр /2020.02.11/ Хөвсгөл аймгийн Онцгой комисс хуралдаж хэд хэдэн шийдвэрийг гаргасан. Коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн Мөрөн сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүн ам олноор цуглардаг хүнс, барааны зах болон “Шинэ мөрөн” худалдаа үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг 2020 оны 02 дугаар сарын 11-нээс 2020 оны 02 дугаар сарын 13-ыг хүртэлх 2 хоногийн хугацаанд түр зогсоохоор боллоо.
Мөн аймаг, сумдад согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газар, караоке, баар цэнгээний газруудын үйл ажиллагааг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ыг хүртэлх хугацаанд түр зогсоох шийдвэр гаргасан. Тэгвэл хорио цээр тогтоогоод байгаа Мөрөн хот хүнгүй болжээ. Тодруулбал: Аймгийн сумдууд руу поргон машинтай олон иргэд тархаж эхэлсэн бол хотын зарим худалдааны төвийг хааж эхэлсэн байна.