m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.02.14 09:12
836
ЗӨРҮҮД, ААШТАЙ ХҮҮХЭДТЭЙГЭЭ ТА ХЭРХЭН ХАРИЛЦАХ ВЭ?

Хүн бүр, хүүхэд бүрт зөрүүд зан байдаг. Түүнийгээ хэдийд, ямар үед их илэрхийлээд байгааг зөв таних нь л энэ занг даамжруулахгүй барих гол түлхүүр юм.

Хүүхэд 3-4 нас болон өсвөр насандаа онцгойлон зөрүүдлэх нь элбэг. Энэ удаа бага насны хүүхдийн зөрүүдлэх, ааш гаргах асуудлыг хуваалцъя.

Магадгүй таны хүүхэд бусдаас өөр сонголт хийдэг, нийтлэг биш сонирхолтой байхад та түүнийг нь зөрүүдтэй андуураад өөрийнхөөрөө байлгах гэж зүтгэвэл хүүхдийн онцлог арилж хэн ч биш болох магадлалтай. Энд хүүхдийн бүтээлч, хийсвэрлэх сэтгэлгээ нуугдаж байж ч магадгүйг анхаараарай. Энэ төрлийн хүүхдүүдэд өөрөөр нь сонголт хийлгэж байх нь маш зөв. Тэгэхдээ 2 зүйлээс нэгийг нь сонгох сонголт байвал насанд нь тохиромжтой. Тухайлбал, "Маргааш ногоон цамцаа өмсөх үү улаанаа юу?" "Одоо шүдээ угаах уу, хэсэгхэн тоглочихоод угаах уу?" г.м

Мөн насны онцлогоос үл хамааран дараах шалтгаануудаас болж зөрүүд авир гаргах, аашлах нь ч бий.

- Таны анхаарлыг татахын тулд (Хайрлуулах, аргадуулах, магтуулах)
- Гомдсон үедээ
- Хэт эрхлүүлсэн хүүхэд
- Ойрхон дүүтэй хүүхэд
- Айлын ганц хүүхэд
- Хэт дэг журамтай байлгах
- Үргэлж өөрийн үгээр байлгах гэж зааварчилдаг аав ээжийн хүүхэд

  • Хүүхдийг зөрүүд зан гаргасан үед нь боль, зүгээр бол, битгий гэх мэт захирч тушаасан өнгөөр харьцах нь үр дүнд хүрэхгүй. Шийтгэвэл бүр ч тусгүй. Түүнд ямар нэг зүйл тохиолдох үед танаас нуудаг, шинийг сэтгэх сонирхолгүй болдог. Тиймээс та дараах арга хэмжээг авч болно.
  • Тоглоомоо бусдаас харамлах, танаас хүссэн зүйлээ авах гэж зөрүүдлээд уйлсан, хашгирсан, гонгиносон үед "Уур нь хүрээд байна уу?" "Яг юуг хүсэж байна?", "Гоё хэл дээ" г.м сэтгэлийг нь ойлгох гэж хичээж буй байдлаа илэрхийлээрэй.
  • Таны хэлснийг огт тоохгүй үргэлжлүүлэн уйлж, зөрүүдлээд байвал ганцааранг нь үлдээж хэсэг хүлээгээрэй. Энэ үед хүүхэд өөрөө тайвширч хийсэн үйлдлээ эргэцүүлээд амждаг. Үлдээхдээ харин чимээгүй үлдээж болохгүй. Нурууг нь хэсэг илж өгөөд босож болно. "Тайвшраад хэлээрэй, тэр болтол нь хүлээж байя" гэж хэлсний дараагаар ганцааранг нь үлдээх.
  • Таныг аргадсангүйд, хүссэнийг нь өгсөнгүйд шаралхаж улам чанга уйлж хашгирч магадгүй. Тэр үед та өөрөө тайван хүлээцтэй ТУУШТАЙ байх хэрэгтэй. Хэсэг хугацааны дараа хүүхэд өөрийнх нь зөрүүдлэх арга үр дүнд хүрэхгүйг ойлгон тайвшрах болно.
  • Тайвширсаных нь дараа болсон явдлын талаар юу буруу болохыг, яагаад хориглосон тухайгаа тайлбарлан ярилцаж тохиролцох хэрэгтэй.
  • Зөрүүд хүүхэд нь дэлгүүрт хүссэн зүйлээ авна гээд тэрийгээд уйлахад, яг яасан нь мэдэгдэхгүй эрхэлж дураардах үед "Юу ч сонсогдохгүй байна" "Гоё хэлэхийг чинь хүлээе" хэмээгээд анзаарахгүй үлдээж үзээрэй. Эцэст нь хүүхэд тайвширч танд хүссэн зүйлээ хэлбэл "Ингэж хэлэхээр чинь илүү сайн ойлгож байна" "Юу хэлэх гэснийг чинь одоо л ойлголоо", "Эелдгээр гуйсанд баярлалаа" г.м-ээр өөрийн зөрүүд авир, аашаа удирдаж чадсан хүүхдээ урамшуулаарай.
  • Уйлж, зөрүүдэлж байснаас тайван эелдгээр хүссэнээ хэлэх нь илүү амар юм гэдгийг хүүхдэд мэдрүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүүхдийг өөрийн санаагаа сөрөг байдлаар илэрхийлэх үед хүлээн зөвшөөрч болохгүй. Эерэг аргыг хэрэглэсэн үед нь заавал урам өгч байгаарай.
  • Зөрүүдлээд нэхээд байгаа зүйлээс нь санамсаргүй байдлаар анхаарлыг нь сарниулж өөр зүйлд анхаарлыг нь татах гээд үзэх ч үр дүнтэй байдаг.
  • Зөрүүд зантай хүүхэдтэй ажиллаж буй аав ээж асран хамгаалагч та маш хүлээцтэй, тэвчээртэй, тууштай байх хэрэгтэй.
  • Удмын зөрүүд гэж барагтай байхгүй шүү. Таны хандлагыг хуулбарлагч, танаас үлгэрлэгч л бий. Тиймээс, аав ээж та хүүхдийнхээ дэргэд бие биедээ хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж үлгэрлээрэй.

ЭХ СУРВАЛЖ: Хүүхэд-Эцэг эхийн Сургалт, Судалгааны Төв "Хөөрхөн Шар Шувуу"