“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг төрийн мөнгөөр хувийн компани худалдан авсан гэх хэрэгт холбогдуулан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг яллагдагчаар татан эрэн сурвалжилж буй талаар бид энэ сарын 13-ны дугаартаа дэлгэрэнгүй мэдээлсэн билээ. Тус үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас худалдаж авсан “Монголын зэс” компани, Худалдаа хөгжлийн банкны удирдлага болох Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин, М.Мөнхбаатар, “Канетик” компанийн захирал Г.Хүрэлбаатар, “Кью Эс Си” компанийн захирал Э.Шижир, Зам, тээврийн сайд, “Монголын төмөр зам” ХК, “Эрдэнэт үйлдвэр”-т эрх бүхий албан тушаал хашиж байсан Д.Ганбат, тухайн үеийн Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Болор, Аж үйлдвэрийн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг уг хэрэгт эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, хамжигчаар оролцсон гэх үндэслэлээр яллагдагчаар татсан билээ. УИХ-ын гишүүн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатыг яллагдагчаар татсан тухай мэдээллийг манай сонин 2019 оны тавдугаар сарын 22-ны дугаартаа нийтэлсний дараа тэрбээр Төрийн ордонд “Тавдугаар сарын 21-нд намайг
АТГ-аас дуудаж “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хэрэг, асуудалтай холбогдуулан яллагдагчаар татах тогтоолтой танилцуулсан. Яллагдагчаар татагдсан нь үнэн. Түүнээс долоо хоногийн өмнө гэрчийн мэдүүлэг авч, дараа нь яллагдагчаар татахаар болсон. ОХУ-ын компанийн өмчлөлд байсан 49 хувийг Монгол Улсын Засгийн газар улс төрийн хамтын шийдвэр гаргаж Монголд оруулж ирснийг зөв гэж харж байгаа. Энэ явдал улс төрийн шинжтэй болж байгаа нь ойлгомжтой. Нөгөө талаас, энэ нь АН-ыг бүхэлд нь харлуулах үйл ажиллагаа болж эхэлж байна. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь Монголд ямар ч хохирол авчраагүй. Гэтэл Монгол Улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэл гаргаж байгаа нь буруу” хэмээн ярьсан.
Тэгвэл АТГ, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хамтарсан ажлын хэсгийнхэн дээр нэр дурдсан хүмүүст холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлсэн байна. Эх сурвалжуудын мэдээлснээр яллах дүгнэлт үйлдэж дуусаад ирэх сарын эхээр шүүхэд шилжүүлж болзошгүй аж.
Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбатыг уг албан тушаалыг хашиж байхдаа эрх мэдлээ урвуулан “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” компанийн 49 хувийн хувьцааг тэргүүн ээлжид Засгийн газар авах давуу эрхээсээ татгалзаж, “Монголын зэс” ХХК-д худалдах тухай саналыг зөвшөөрөх нь зүйтэй гэсэн танилцуулгыг эдийн засгийн ямар ч тооцоо, судалгаагүй бэлтгэн Засгийн газрын ээлжит бус хурлаар хэлэлцүүлж, бусдад давуу байдал олгосон, төрийн хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан” хэмээн буруутгаж буй юм билээ. Мөн нэр дурдсан холбогдогч нар дээр нэмж Ерөнхийлөгч асныг хамтран оролцсон хэмээн буруутгаж, эрэн сурвалжилж байгаа юм.
Бид цаашид “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авсан хэрэгт буруутгагдсан дээрх хүмүүсийн үйлдлүүд, хоорондоо яаж холбогдож байгааг дэлгэрүүлэн мэдээлэх болно.
Эх сурвалж: "Өнөөдөр" сонин
Бэлтгэсэн: Г.Равжаа