m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.10 02:24
419
Хүүхдүүдийнхээ тархийг “хогийн сав” болгомооргүй байна, сайд аа

Нийгэм солигдох заагт салбар бүр уналтад орж, замбараагүй байдал газар авсан үйл явц боловсролын салбарыг тойроогүй дайраад гарсан. Ямар шалгууртайг бүү мэд баахан бага, дунд, их дээд сургуулиуд байгуулагдан,  Магадлан итгэмжлэгдсэн гэх сүржин нэртэй даржин жааз өлгөн, хэн дуртай хаа хүүсэн газраа багшлах гээд энэ салбарт доголдсон зүйл олон. Боловсролын салбарын шинэчлэлийн бодлогын салшгүй нэг хэсэг нь сурах бичиг. Хичээлийн шинэ  жил дуусаад урт удаан амралтын өдрүүдэд  боловсролын салбарынхан шинэ сурах бичгийн ажилд анхаарлаа хандуулах гэж байгаа байх. Тиймээс санаа өгөх үүднээс хэдэн зүйл хэлмээр санагдлаа.

Нэгдүгээр ангид хүүхэд нь орсон эцэг эхчүүд сурах бичгийн талаар их зүйл ярина даа. Миний охин ч мөн адил А үсэг заалгахаар сургуулийн босгыг алхан эхний даваагаа давсан. Гэхдээ ямар сурах бичиг ашигласан талаар зориуд хэлмээр байна. Хүүхдийнхээ хичээлийг заахаар ширээний ард хамт суугаад учрыг нь ойлгохгүй, хэдэнтээ уншаад ч чухам юу гээчийн талаар бичсэнийг ухаарахгүй аргаа барж буй эцэг эхчүүд цөөнгүй бий. Нэгдүгээр ангийнхан зургаахан настай. Тэд аливаа зүйлийг ухаж ойгохоосоо өмнө ямар учиртайг насанд хүрэгчдээс заавал асууна. Хүүхдийн сэтгэхүй, хөгжил нь тийм байдаг.Гэтэл хүүхэд байтугай аав, ээж нь уншаад ч ойлгохгүй сурах бичиг борооны дараах мөөг адил олон байна.

 

...Сургууль нь ямар чиглэлээр дагнасан, хүүхдүүд нь ямар хичээлийн сонгон үзэж буйгаар өөр өөр байх дэлхийн жишиг стандарт бий гэж ярих хүмүүс байдаг. Тэр зүйн хэрэг байж болох ч хамгийн харамсалтай  нь дэлхийн жишиг ярьсан хүмүүс номоо ямар агуулга, утга учиртайг ойлгохыг үл хүсэн, сөхөж ч үзэлгүй номоо шахах ажилд гэрлийн хурдаар ажиллаж буй нь жигшмээр...

Тухайлбал нэгдүгээр ангийн хүүхдүүдэд бодлого бодох арга заасан Д.Бүндэн гэдэг хүний номонд юу бичсэнийг захаас нь жишээ аваад үзье.

Хоёрдугаар хэсгийн бодлого 17.

“Нэг айлынх 16 ямаатай. хоёрдахь айлынх нь 27 ямаатай, гуравдах айлынх эн 2 айлынхаас 19-өөр олон ямаатай бол, гуравдахь айлынх хэдэн ямаатай вэ?” гэжээ. Энэ өгүүлбэр дотор найруулга хийгээд үг үсгийн алдаа байгааг уншаад анзаарч байгаа байх. Зориуд алдаатай чигээр нь бичиж орууллаа. Нэгдүгээр ангийн хүүхдийн сэтгэхүйд хүндэдсэнээс гадна найруулга, үг үсгийн алдаа нь дэндсэн байх юм. Дахь гэж бичихдээ хэдэн янзаар, мөн өмнөх үгтэйгээ  салгаж, нийлүүлж бичжээ. Түүгээр зогсохгүй нэг бодлогоо 2-3 дахин дарааллаад оруулчихсан байх. Нэг жишээг татахад л ийм байна. Энэ ном бүхэлдээ энэ мэт алдаагаар өтсөнөөс гадна, нэг ч зураг байхгүй. Тэгээд ч энэ номыг ерөнхий боловсролын сургуулийн сургалтад ашиглахыг яамнаас зөвшөөрөв гэсэн бичиг ч алга.

 Зүй нь бага насны хүүхдийн сурах бичиг өгүүлж буй санаагаа ихэвчлэн зургаар өгүүлсэн, хүүхэд хараад шууд ойлгох амар үг хэллэг, дэс дараалалтай байх ёстой бус уу.

 Сурах бичгийг сор болсон, дадлага туршлагатай хүмүүсээр бичүүлдэг баймаар. Эсвэл хүссэн хүн бүхэнд бичих зөвшөөрөл олгодог хэрэг үү. Алдаа оноо, түүнээс гадна утга найруулгыг нь анзаараад нэг уншаарай. Хэлэх ч үг олдохгүй юм. Хүүхдийн номыг бичиж буй хүмүүс ямар үг ашиглахаа  сайтар тунгаагаасай. Тэд чухам ямар сурах бичгээр хүүхдүүдийн оюуныг бохирдуулж, хордуулж буйг анзаардаггүй бололтой. Тэдний бичсэн номыг хянадаг, найруугыг нь зөв эсэхийг шалгадаг газар, хүмүүс гэж байдаг юм болов уу. 

 

 

ОХУ-ын нэгдүгээр ангийн сурагчдын ашиглаж буй сурах бичиг

Монгол хүүхдүүдийн ашиглаж буй сурах бичиг

Ардчиллын өмнө ерөнхий боловсролын бүх сургуулиуд нэг сурах бичигтэй байсан. Гэтэл одоо сургууль бүр өөрийн гэсэн сурах бичигтэй болж. Сургууль нь ямар чиглэлээр дагнасан, хүүхдүүд нь ямар хичээлийн сонгон үзэж буйгаар өөр өөр байх дэлхийн жишиг стандарт бий гэж ярих хүмүүс байдаг. Тэр зүйн хэрэг байж болох ч хамгийн харамсалтай  нь дэлхийн жишиг ярьсан хүмүүс номоо ямар агуулга, утга учиртайг ойлгохыг үл хүсэн, сөхөж ч үзэлгүй номоо шахах ажилд гэрлийн хурдаар ажиллаж буй нь жигшмээр.

 

Ерөнхий боловсролын сургуулийн ерөнхий эрдмийн хичээлийн сурах бичиг адил байхад буруудах зүйл үгүй. Харин сонгон суралдцаж буй хичээлдээ ямар ном ашиглаж болохыг нээлттэй үлдээж яагаад болохгүй гэж. Эрх чөлөөт нийгэмд бүх зүйл нээлттэй, чөлөөтэй байх ёстой  ч эмх замбараагүй, хүссэн хүн бүхэн юу дуртайгаа хийж олон нийтэд тэр дундаа бидний ирээдүй болсон хүүхдүүдийн оюуныг хогийн сав болгохыг хэлдэггүй болов уу. Улс орны өөдлөн дэвжиж, хөгжихийн гол тулгуур нь боловсролтой, чадвартай иргэн. Боловсролын салбарын тэр дундаа дунд боловсролын бодлого бидний хүсэн хүлээж буй ирээдүйг бэлтгэхэд үнэхээр дутагдалтай байна. 

Монгол ардын шилмэл үлгэр домог гэх нэртэй энэ ном нэг үлгэрийг 2-3 янзаар бичиж, утга найруулгагүй болгон, зөвхөн хуудасныхаа тоог олон болгохыг л хичээсэн байх юм. Хүүхдэд зориулсан гэхэд нэг ч хуудас нь зураггүй.

 

Энэ хичээлийн жил ингээд нэг дууслаа. Ирэх жил  бас л энэ чигээрээ байхгүй гэдэгт итгэж, хүлээе. Цагаан  толгойн баяраар юу сурснаа үзүүлж, баярлалдах бяцхан үрс “Аав гэхэд ордог а үсэг би байна” гэж хэлэх гээд Appel  гэхэд ордог А гэж хэлэх нь холгүй байна шүү. Монгол оюун, монгол сэтгэхгүй, монгол боловсрол, монгол ухаан бидний хөгжлийн гарц гэдгийг ахин дахин сануулмаар байна.