Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ.
Мэдээллийн үеэр эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал хэлэхдээ, Өнөөдрийн байдлаа 2312 иргэн тусгаарлан, ажиглалтад байна. Ажиглалтад байгаа иргэдэд 337 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байна. Түүнчлэн тусгаарлах байранд байгаа иргэдээс олон санал, гомдол ирж байна.
Иргэд ихэнхдээ өрөө жижиг, өрөөндөө дасгал хиймээр, хоол амтгүй, нохойн хоол өгч байна. Цэргийн эмнэлэгт хэвтэхгүй өөр эмнэлэгтээ хэвтэх хүсэлтээ ирүүлэхийн зэрэгцээ эмч, ажилчдын өөдөөс вареньтай талхаа шидэх, мөөгтэй хоол идэхгүй гэж уйлж байна. Цаашлаад хоорондоо зодолдох тохиолдлууд ч байна. Иймд тусгаарлагдаж буй иргэдийг ухамсартай байж, эмч, эмнэлгийн ажилчдын ажлыг хүндлэхийг хүсч байна.
Дэлхий дахинд Covid-19 халдварыг цар тахал хэмээн зарлаад байна. Өнөөдөр 5 одтой зочид буудалд иргэдээ тусгаарлаж байгаа улс дэлхийн хаана ч байхгүй. Иргэдээ ташуурдаад амны хаалт зүүлгэж байгаа гаднын орны бичлэгийг та бүхэн сошиалаар үзсэн байх. Эмчээрээ хоолоо зөөлгөж байгаа иргэн дэлхийд байхгүй. Тусгаарлах байранд ажиллаж байгаа эмч нар дэлхийд урилгаар ажилладаг, ДЭМБ-д ахлах үүрэг гүйцэтгээд явж байсан туршлагатай, чадвартай эмч нар. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эмч нар та бүхэнд үйлчилж байна. Хэн нэгнийг уурлаад, уйлахаар нь тусгаарлах байрны хугацааг нь богиносгохгүй. Тиймээс дараа дараачийн тусгай үүргийн онгоцоор ирэх иргэд ч дээрхтэй адил ааш авир гаргахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй гэлээ.