Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлах, Баянхошуу дэд төвийн төвлөрсөн дулаанаар хангах даралт өргөх насос станц ирэх тавдугаар сард бүрэн ашиглалтад ороход бэлэн болжээ. Тус станц нь ашиглалтад орсноор 11000 айл өрхийг төвлөрсөн шугамд холбох, халуун хүйтэн усаар хангах боломж бүрдэж байгаа аж. Даралт өргөх насос станцыг “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Нийслэлийн захиалгаар Азийн хөгжлийн банк, нийслэлийн хамтарсан санхүүжилтээр Janghan engineers, KFDHEC болон "Одкон холдинг" компанийн түншлэлээр барьжээ.
Одоогийн байдлаар станцад туршилт тохируулгын ажлыг хийж байгаа бөгөөд 1100 м.куб усыг 60 метрийн өндөрт өргөх хүчин чадалтай юм байна. Даралт өргөх насос станц нь Баянхошуу хэсгийн өндөрлөг цэгт байрлаж байгаа айл өрхүүдэд дулааны эрчим хүчээр тасралтгүй хангах зорилготой бөгөөд үндсэн хоёр насос, нөөцийн нэг насос ажиллах аж. Өнөөдрийн байдлаар “Станцын аюулгүй байдлыг хангасан бүрэн тохируулгын ажил хийгдэж дууссан байна. Баянхошуу дэд төв хүртэл 3,2 км зайд оршиж байгаа учраас Баянхошуу дэд төв төвлөрсөн дулааны шугамд бүрэн холбогдож байна. Төвлөрсөн шугам дагуу газар чөлөөлж орон сууцны хороолол барих, гэр хорооллын айл өрхүүдэд төвийн дулаанд холбох боломж бүрдсэн, зөвхөн крант нээхэд хэрэгжихэд бэлэн болсныг Хотын захирагч С.Амарсайханы өнгөрсөн долоо хоногт тус станцын ажлын явцтай танилцах үеэр албаны хүн онцоллоо.
“Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Баянхошуу хэсгийн таван хэсэгт нам даралтын зуухнуудыг буулгаж, төвийн шугаманд ийнхүү холбож байгаа аж. Түүнчлэн инженерийн дэд бүтцэд түшиглэн шинэ сууц, шинэ хорооллын төслүүд хэрэгжих боломж бий болох юм байна.