Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгууль болоход хоёр сар хүрэхгүй хугацаа үлдээд байгаа энэ цаг үед горилогчид ил болон далдаар нэр дэвшинэ гэдгээ мэдэгдээд буй. Тэгвэл Үндэсний Аудитын газраас УИХ-ын ээлжит сонгуульд бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авчээ. Нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд байгаа 208 нэр дэвшигчдийн нэрсийг өнөөдөр олон нийтэд мэдээлсэн бөгөөд эдгээр нэр дэвшигчид дотор олны анхаарал татсан хэд хэдэн хүн нэр дэвшихээ илэрхийлж, мөрийн хөтөлбөрөө өгчээ.
Тухайлбал,
- УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр бие даан нэр дэвшихээр болсон бөгөөд түүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь өнгөрсөн 2 дугаар сард түтгэлзүүлсэн юм.
- Ардын жүжигчин Н.Сувдын хүү Т.Бат-Оргил УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө өгчээ.
- Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар энэ удаагийн УИХ-ын сонгуульд дахин нэр дэвшихээр болсон байна. Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшиж байсан юм.
- Мөн нэрт улстөрч Ж.Наранцацрал агсны хүү Н.Соёмбо УИХ-ын 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшинэ.
- Дараагийн бие даан нэр дэвшигчийн нэг бол Чингис хаан хэмээн өөрийгөө өргөмжлөөд буй М.Чингисхаан. Тэрбээр өөрийн үзэл бодлоо сошиал сувгаар идэвхтэй илэрхийлдэг нэгэн бөгөөд энэ удаа төрд хүчин зүтгэхээр шийдсэн бололтой.
- “Хар салхи” хочит мэргэжлийн кик бокс, муа-тай боксын дэлхийн аварга Ц.Амарбаясгалан спортын салбарын төлөөлөл болж УИХ-ын сонгуульд өрсөлдөх нь.
- УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөлөл болох “Exclusiv” брэндийн үүсгэн байгуулагч Г.Майцэцэг нэр дэвшихээр болж, Үндэсний Аудитын газар мөрийн хөтөлбөрөө өгсөн байна.
- Хүний эрхийн хуульч М.Ичинноров УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшинэ. Тэрээр 2008 онд Иргэний эвслээс Дархан-Уул аймагт нэр дэвшээд өвдөг шороодож байсан нэгэн.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёлын бодлогын зөвлөх, яруу найрагч Цоодолын Хулан бие даан нэр дэвшинэ.
- Урлагийн салбарын бас нэгэн төлөөлөл төр түшилцэхээр нэр дэвшихээ илэрхийлжээ. Энэ хүн бол дуучин Нара буюу М.Нарантуяа. Тэрбээр 2016 онд бие даан нэр дэвшээд өвдөг шороодсон удаатай.
- Урлагийн салбарын дараагийн хүн бол зураач, өөрийгөө Өүлэн эх хэмээн алдаршуулаад буй Л.Өнөрчимэг бие даан нэр дэвшихээр болжээ.
Б.Мөнхцацрал