m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.10 06:50
822
“Цэцгийн ертөнц 2014-Ногоон нийслэл” үзэсгэлэн үргэлжилж байна

Монголын хүүхдийн ордонд болж буй “Цэцгийн ертөнц 2014-Ногоон нийслэл” үзэсгэлэнг зорьж очлоо. Орчин тойрноо цэцэрлэгжүүлж, эрүүл ногоон орчин бүрдүүлэх хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй уг үзэсгэлэн 11-нийг хүртэл үргэлжилнэ. Төрөл бүрийн тасалгааны цэцэг, ургамлаас гадна цэцэрлэгжүүлэлт, бут сөөгний тарьц, суулгацууд дэлгэсэн байна билээ. Цэцэрлэгжүүлэлтийн талаар зөвлөгөө өгч, үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллагууд оролцож байгаа аж. Түүнчлэн зорьж очсон хүмүүс тасалгааны цэцэг, ургамал, чимэглэл худалдан авахаас гадна цэцэгчдээс хөрсний сийрэгжүүлэлт, бордоо, арчилгааны талаарх бүр төрлийн зөвлөгөө авч болно. Түүнчлэн гарын авлага, материалууд худалдан авах боломжтой юм билээ. “Хайтан” клубээс зохион байгуулж буй уг үзэсгэлэнд Улаанбаатар хотын төдийгүй орон нутгийн цэцэг сонирхогчид оролцож байгаа учир шимтэглэй, мөнхлэй, ногоодой, саваргана гээд түгээмэл байдаг тасалгааны цэцэгнээс гадна ховор төрлийн,  шинэ сортууд ч олон байгаа талаар зохион байгуулагчид онцолж байсан. Цэцэгний үрсэлгээ хамгийн хямд нь 2500 төгрөгийн үнэтэй байв. Хамгийн үнэтэй нь ямар цэцэг байгаа бол хэмээн сонирхож байгаа бол Монголын хүүхдийн ордонд очиж үзээрэй. 

Энэхүү үзэсгэлэнд оролцож байгаа “Зуун наст” цэцгийн дэлгүүрийн эзэн Ц.Нямочиртой уулзаж, цөөн хором ярилцлаа.

-"Цэцгийн ертөнц 2014-Ногоон нийслэл" үзэсгэлэнд хэчнээн төрлийн цэцэгтэй оролцож байна вэ? 

-50 орчим төрлийн цэцэгтэй оролцож байна.

-Таны цэцэгнүүд дунджаар ямар үнэтэй байна вэ?

-25.000-30.000 төгрөгийн үнэтэй.

-Үзэсгэлэнг зорьж ирэх хүн хэр олон байна вэ?

-Хөл ихтэй л байна. Цэцэг сонирхогчдын тоо нэмэгдсэн юм болов уу гэж харж байна. Яаж ургадаг юм байна, ямар сортынх вэ, цэцгийн савыг хэрхэн сонгох вэ гэх мэтээр асууж, сонирхох хүн олон байна.

-Үзэсгэлэнд Улаанбаатар төдийгүй орон нутгийн цэцэгчид оролцож байна. Гэхдээ танай цэцэгнүүд сонирхолтой ваар, савтай болохоороо илүү анхаарал татлаа.

-Тасалгааны ургамал гэрийн чимэглэл гэдэг утгаараа сав нь ч бас чимэглэлийн зориулалттай байвал тохиромжтой. Харин манайхан цэцгээ л анхаарахаас биш ямар савтай байвал гэр оронд илүү өнгө, чимэг нэмэх вэ гэдгийг анзаардаггүй юм шиг санагддаг. Ямар цэцгийг, ямар вааранд тавих вэ гэдгийг бодолцох л ёстой. Цэцэгчдийн хувьд бол сав, ваар тийм ч чухал биш. Харин орчноо чимэглэх, тохижуулах үүднээс тасалгааны ургамал, цэцэг сонирхож байгаа хүмүүс бол цэцэг сонгохоосоо гадна сав, ваарыг нь бас анхаарах нь зүйтэй.

Би сувинер, бэлэг дурсгалын шаазан эдлэлийн “Цагаан заан” гэдэг дэлгүүртэй. Цэцэг тарьдаг болохоор гоё ваар, сав дутагдалтай санагдаад дэлгүүрийнхээ бараа бүтээгдэхүүний хажуугаар Солонгос, Турк, Хятадаас цэцгийн ваар, сав оруулж ирдэг болсон юм. Тухайн газраа зорьж очоод, тусгайлан цаг гаргаж хайж байж авчирдаг юм, бэлэн байж байдаг бараа биш.

-Таны цэцэгнүүд тун гоё савтай юм. Үнийн хувьд энэ танхимд байгаа бусад хүмүүсийн цэцэгтэй харьцуулахад ямар байна вэ?

-Зах зээлийнхээ ханшаар л худалдаалж байгаа. Манай улс чинь ваар байтугай нэг ширхэг аяга ч үйлдвэрлэдэггүй шүү дээ. Тийм болохоор үүнээс хямдаар худалдаалах боломжгүй. 

-Та хэзээнээс цэцэг тарьж байна вэ?

-Би цэцэг тарьдаг болоод 6-7 жил болж байна. Анх тарьсан цэцэгнүүдээ худалдаад, бизнес хийж болох юм гэдгийг нь хараад л үргэлжлүүлсээр одоо “Зуун наст” гэдэг тасалгааны цэцгийн дэлгүүртэй болсон. Тарьсан нэг цэцгээ зараад сонирхож байсан хоёр цэцгээ авах гэх мэтээр хобби маань бизнес болсон гэсэн үг.

-Цэцэг тарьж, худалдах нь хэр ашигтай бизнес вэ. Сонирхож байгаад дэлгүүртэй болсон гэхээр нэлээд боломжийн бизнес юм гэж бодогдлоо?

-Амархан гэж хэлж болохгүй. Удаан хугацааны хөдөлмөр, түүний үр шим. Өглөө цонхон дээр байгаа цэцэгнүүдээ харахаас эхэлнэ. Ингэж харж, арчилж, хайхрахгүй л бол үхчихдэг.

-Таны 50 орчим цэцэгнээс хамгийн үзүүштэй, ховор цэцэг аль нь вэ?

-Манайд зүгээр гудамжинд ургадаг хайлаасыг тасалгааны ургамал болгосон байгаа. Бонсай юм л даа. Энэ бонсайг Бээжингээс авчирсан юм. Монголчууд одоогоор мэргэжлийн түвшинд бонсай хийх болоогүй байна л даа.

-Энэ бонсай ямар үнэтэй вэ?

-80.000 төгрөгийн үнэтэй .

-Ярилцсанд баярлалаа.