m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.10 07:25
518
Зорчигчид Толгойтоос-Амгалан хүртэл 31 минут зорчиж байна

Улаанбаатар хотын дундуур төмөр замын автобус явуулах талаар өнгөрсөн жил Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл иргэдэд танилцуулж байсан билээ. Тэгвэл “Улаанбаатар төмөр зам” (УБТЗ) Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг төмөр замын анхны автобус болох Рэйлбусыг өнгөрсөн сарын 16-нд хүлээж авсан. Толгойтоос Амгалан хүртэлх төмөр зам дагуу улаанбаатарчуудад энэ сарын 6-наас үйлчилж эхэлсэн юм. Иргэдэд үйлчлээд дөрөв хонож буй Рэйлбусны үйлчилгээтэй танилцахаар энэ сарын 9-нд 17.05 минутад Улаанбаатар төв буудлаас-Толгойтын хооронд зорчлоо. Биднийг Улаанбаатар төв буудал очиход “Хоёрдугаар замаар Толгойт орох Рэйлбус гарах гэж байна” хэмээн мэдээлсэн юм. Хоёрдугаар замын тавцанд очиход хүүхдээ дагуулсан, ажлаа тараад явж байгаа иргэд байлаа. Рэйлбус яг цагтаа 17.05 цагт нийт 15 зорчигчтой  Хархорин зогсоол руу хөдөлсөн юм. Нэг буудал зорчиход 500 төгрөг, хоёр буудал 1000, гурван буудал 1500 төгрөг аж. Харин Толгойт-Амгалан зорчиход 3500 төгрөг. Мөн хүүхэд үнэгүй зорчих юм. Тус Рэйлбусад суухад нэлээд бүгчим санагдсан ч вагон хөдлөнгүүт агааржуулагч нь ажиллан, хаалганы дээрх байрлах электрон самбарт дараагийн буудлыг мэдээллэх аж.

Иргэдийн хувьд вагон шиг дуу чимээ ихтэй, донсолгосон байх юм болов уу гэтэл ямар ч дуу чимээ бага, ая тухтай юм байна хэмээсэн юм. Нээрэй ч вагонд суугаагүй юм шиг санагдах аж. Рэйлбус үдээс өмнө, үдээс хойш гэсэн хоёр ээлжээр зургаа, зургаагаар 12 албан хаагч ажилладаг гэнэ. Төмөр замын автобусны үйлчлэгч Ё.Тунгалагтуул “Гурван хоногийн хугацаанд 300 гаруй зорчигч зорчлоо. Иргэдийн хувьд ихэнхдээ сонирхолын журмаар зорчиж байна. Зарим иргэдийн хувьд өглөө эрт “Нарантуул” ороход 20 гаруй минут зарцуулж байгаа нь хурдан юм байна гээд л ам сайтай” байгаа гэсэн юм. Рэйлбус нийт долоон зогсоолд зогсох бөгөөд Амгалан-Улаабаатар төв буудал хүртэлх дөрвөн зогсоол ирэх долоо хоногоос ашиглалтад орох гэнэ. Харин Улаанбаатар төв буудлаас Толгойт өртөө хүртэлх “Барс-2”, “Таван шар” хэмээх зогсоолыг тохижуулж янзалсан байлаа. Бүүр төв замаас дээрх хоёр зогсоолд ирэх явган зорчигчийн зам гаргасан байв. Өдөрт Толгойт руу зургаан удаа, Амгалан өртөө рүү гурван удаа зорчиж байгаа гэнэ.

Рэйлбус үдээс өмнө, үдээс хойш гэсэн хоёр ээлжээр зургаа, зургаагаар 12 албан хаагч ажилладаг гэнэ. Төмөр замын автобусны үйлчлэгч Ё.Тунгалагтуул “Гурван хоногийн хугацаанд 300 гаруй зорчигч зорчлоо.

Анх Рэйлбусыг танилцуулж байхад Амгалан-Толгойт хооронд 45 минут зарцуулна гэж байсан бол ашиглалтын явцад 31 минут зарцуулж байгааг үйлчлэг нар хэлж байсан юм. Төмөр замаар км-ээр бол 17 км замыг 31 минутад туулж байгаа нь энэ юм. 136 хүний суудалтай, 150-200 зорчигч тээвэрлэх багтаамжтай, цагт 100 км хурдлах чадалтай Рэйлбус нь А, Б хоёр хэсэгтэй. Нэг ёсондоо зорчигчийн суудалтай хоёр зүтгүүрээс бүрдсэн. Рэйлбусыг явуулснаар хотынхны толгойн өвчин болсон авто замын түгжрэл багасах давуу талтай. Учир нь Таван шараас “Нарантуул” зах орлоо гэхэд хагас цагаас илүү цагийг замын түгжрэлд зарцуулах юм. Тэгвэл 2000 төгрөгөөр 15 минутын дотор Рэйлбус хүргэх ажээ.