МХЕГ, ЗӨСҮТ
НҮХЭН ЖОРЛОНД ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ ХИЙХ ЗӨВЛӨМЖ
Коронавируст халдвар (COVID-19) болон шар усны үерийн үед гарч болох халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор нүхэн жорлонгийн бохироор дамжих халдвараас сэргийлэх үйл ажиллагаанд энэхүү зөвлөмжийг мөрдөж ажиллана.
Халдваргүйжүүлэлтэнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан хлорлог бодисыг хэрэглэнэ.
Хлорлог бодисыг ашиглан халдваргүйжүүлэх уусмал бэлтгэх:
- Халдваргүйжүүлэх уусмал бэлтгэхийн өмнө хлорын идэвхийг тодорхойлно. Иргэд өөрсдөө халдваргүйтгэл хийх бодисоо худалдан авахдаа идэвхитэй хлорын хэмжээг тодорхойлсон шинжилгээний дүнг мэдэж авах нь чухал.
- Дараах томъёог ашиглан уусмал бэлтгэхэд шаардлагатай бодисын хэмжээг тооцон гаргана
Бэлтгэх уусмалын% / хлорын идэвх% х 1000= 1л ус тутамд хийх бодисын хэмжээ /гр/
Жишээ: 40%-ийн идэвхтэй кальцийн гипохлорит 0.5%-ийн 1 л уусмал бэлтгэхэд хичнээн хэмжээний бодис авахыг тооцож үзье.
т= 0.5% / 40% x 1000= 12.5 грамм
12.5 грамм бодис жинлэн авч 1 литр усанд уусган хэрэглэнэ.
АНХААР: Халдваргүйжүүлэх уусмал бэлтгэх усны температур 30-40 градус байх нь тохиромжтой.
Хуурай бодисоос халдваргүйжүүлэх уусмал бэлтгэсэн тохиолдолд уусаагүй хэсгийг тунгаах зорилгоор 30 минут байлгаж хэрэглэнэ
Хэрэглэх арга:
- Халдваргүйжүүлэлтийн уусмалыг 1 м3 талбайд 2 литр уусмал орохоор тооцож, нүхэн жорлон, бохирын цооногийн эзлэхүүнд тохируулан уусмалаа бэлтгэнэ.
- Халдваргүйжүүлэлт хийсний дараа 1-2 цаг нүхэн жорлонгийн хаалгыг хааж, бохирын цооногийг таглана.
- Гэр хорооллын нүхэн жорлон, бохирын цооногт дулааны улиралд сард нэг удаа, хүйтний улиралд гурван сард нэг удаа халдваргүйжүүлэлт хийнэ.
- Хана, тааз, гишгүүрийг шүршиж халдваргүйжүүлнэ.
Аюулгүй ажиллагаа:
- Халдваргүйжүүлэлтийн бодисыг найруулах хэрэглэхийн өмнө зааврыг сайтар унших, зааврын дагуу найруулана.
- Уусмал бэлтгэхдээ хамгаалах өмсгөл, бээлий маск, нүдний шил хэрэглэнэ.
- Санамсаргүй тохиолдлоор хуурай бодис, бургиж нүд рүү орсон бол урсгал, бүлээн усаар сайтар угаах, амьсгалын замаар орсон бол цэвэр агаарт гаргах шаардлагатай.
- Найруулсан уусмалыг тухайн өдөртөө хэрэглэнэ.
- Бодисыг хүүхдээс хол байлгана.
- Хуурайгаар хэрэглэхийг хориглоно.