Өнгөрсөн оны 5 дугаар сард Дархан хотод орчин үеийн тоног төхөөрөмж бүхий 50 ортой Төрөх эмнэлэг ашиглалтад орсон. Тус төрөх эмнэлэгт өнөөдрийн байдлаар 2076 эх амаржиж, 2096 нярайг эсэн мэнд өлгийдөн авчээ.
Дархан хотын ирээдүйн эздийг өлгийдөн авах шинэ төрөх эмнэлэг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр нээлтээ хийлээ. Аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасаг 1972 онд анх ашиглалтад орж байсан бол ийнхүү тусдаа байртай, орчин үеийн тоног төхөөрөмжтэй 50 ортой эмнэлэг болон өргөжсөн байна. Дархан-Уул аймагт жилдээ 2400 орчим эх амарждаг. Улаанбаатар хот болон Сэлэнгэ аймгаас ирж эхчүүд амарждаг ба энэ нь ачааллыг ихэсгэдэг байна. Шинэ төрөх эмнэлэг ашиглалтад орсноор эхчүүд эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд төрөх боломж бүрдсэн бөгөөд тус төрөх эмнэлэг ашиглалтад орсноос хойш 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар 2076 эхийг амаржуулж 2096 нярайг эсэн мэнд өлгийдөн авчээ.
Энэхүү амаржих газрын барилгын ажлыг Улсын төсвийн гурван тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Жи Жи Ай” ХХК гүйцэтгэжээ. Дээрх төсвийг Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Б.Баттөмөр, Б.Жавхлан нарын дэмжлэгтэйгээр аймаг, орон нутгийн удирдлагууд Улсын төсөвт тусгуулж, төрөх эмнэлгийн төсөл ийнхүү ажил хэрэг болсон байна.