Дэлхийн хүн төрөлхтөнд амар амгалан байдлыг авчирсан 1945 оны 05 сарын 09-ний өдөр. Тэр цагаас өнөөдрийг хүртэлх ОХУ төдийгүй Монгол Улс 75 жилийн хугацаанд Аугаа их эх орны дайны ялалтыг жил бүр тэмдэглэн ирсэн. Үүний хүрээнд БХЯ Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойг угтан “Фронт Цэгмид” хэмээн ард түмэндээ алдаршсан эрхэм буурайд хүндэтгэл үзүүлсэн юм.
Энэ үеэр эрхэм буурайгийн үр хүүхдүүд нь БХЯ-ны төлөөлөлд ахмад дайчнаар бүртгүүлэх хүсэлтээ илэрхийлсний дагуу өнгөрөгч 7 хоногт буюу 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тушаал гаргаж, түүний Хувьсгалт Монгол Танкийн цуваа болон Монголын Ард түмний чин сэтгэлийн бэлгийн цувааг хүргэж өгсөн нөр их хөдөлмөрийг үнэлэн Ахмад дайчны үнэмлэх, Батлан хамгаалах салбарын “Эх орны төлөө-1” медаль, нэг удаагийн мөнгөн урамшууллыг БХЯ-ны Газрын дарга, хурандаа Ө.Эрдэнэ-Очир, Дайнд оролцогчдын холбооны тэргүүн, хурандаа Г.Лүндэн, Дундговь аймгийн Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ш.Гансүх нар хүндэтгэлтэйгээр өгсөн байна.
“Фронт” хэмээн алдаршсан С.Цэгмид гуайг ОХУ баримтат кинондоо мөнхжүүлж, Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойн өдрүүдэд зурагт самбараар сурталчилж, 75 жилийн ойн медалиар шагнасан төдийгүй ОХУ-ын төрийн дээд шагнал, ард түмнүүдийн найрамдлын одонгоор шагнах зарлиг гаргасан билээ.