Вансэмбэрүү нь ихэвчлэн 3000 метрээс өндөрт уулын таг царман дундах хад асганд хосоороо ургадаг, 15 см-ээс нэг метр хүртлэх өндөр, бүдүүн иштэй, захаараа олон хурц шүдлэгтэй, гонзгойвтор навч нь шилбээ дагасан далавч үүсгэсэн дэлбэгэр том цагаан дэлбээтэй цоморлигийн голдоо балчир хүүхдийн зулай адил зөөлөн бүлээн хүрэн толгойтой цэцэг. Цэцгийн голч 10-15 см. Найрлагандаа алкалиод, флавонойд, сапонин, кутарин, зүрхний глюкозидтай. Монголд нөмрөгт банздоо, байгалийн банздо, дорогстайн банздоо гэсэн гурван зүйлийн Вансэмбэрүү байдаг аж. Манай орны Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар маш ховорхон тархан ургадаг. Энэ ургамалд эр, эм бэлэг хамтдаа байрладаг, хос бэлэгтэй нэг гэрт ургамал. Үрээр үржихдээ муу. Өөр хоорондоо 10-20 метрийн зайтай ургах бөгөөд үүний нууц нь өнөөг хүртэл тайлагдаагүй байна.
Вансэмбэрүүг монголчууд эртнээс тэнгэрийн задын цэцэг хэмээн сүслэн шүтэж ирсэн бөгөөд энэ нь банздоогийн ангилалд багтана. Эрж хайсан бүрт эс олдох бөгөөд үзэгдэх хүндээ үзэгдэнэ гэх яриа бий. Атганд багтахгүй бүдүүн ногоон иштэй бөгөөд үндэснээсээ эхлээд ишээ дагаад уртсаж ургасан гонзгойвтор өргөслөг хүрээтэй шүүслэг нойтон навчтай. Эрт цагаас оточ маарамбууд эмийн цэцгийн cop болгон тунгаар хэмжин өвчин эмгэгт шаналагсдыг эмнэн, тэнхрүүлэн тэтгэж ирсэн байдаг. Чухам энэ зорилгоор вансэмбэрүүг нилээд түүдэг байсан бөгөөд энэ ургамлын тухай орчин үеийн анагаах ухаанд төдийлэн судлагдаагүй байна. Хэдий тийм боловч дорно дахины анагаах ухаанд амьсгалын замын өвчнийг анагаахад хэрэглэдэг аж.
Одоо үед хүмүүс бидний буруутай үйл ажиллагааны үр дагавраас энэ ургамлын нөөц эрс ховордон бүр мөсөн устаж үгүй болох аюулд хүрээд байна. Вансэмбэрүүг байгалиас авахдаа цэцэг ургасан газарт майхан бариад лусыг аргадан, идээ өргөж, тэнгэрт үзүүлэлгүй эх газрын хүйснээс салгадаг гэдэг. Ийн авсан ургамлаа хатааж хорт хавдар, уушигны өвчин болон ханиад томуу эмнэх эм бэлтгэхэд хэрэглэнэ.Вансэмбэрүү нь Монгол Улсын улаан номонд орсон цэцэг бөгөөд үрийг гадаадад худалдах, гаргахыг 1974 онд олон улсын конвенциор хориглосон гэдэг.