"Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааны шилдгээр “MGL E&C” дизайнерс баг хамт олон тэргүүлж өргөмжлөл, 20 сая төгрөгийн батламж гардав.
Хоёрдугаар байрт "Монгол Архитeктур"
Гуравдугаар байрт “Маза Эм эй Зэйт Эй” ХХК-ийн бүтээлүүд тус тус шалгарч өргөмжлөл, 5 сая төгрөгөөр шагнууллаа.
Мөн зураг төслийн уралдаанд идэвх санаачилгатай оролцож, мэргэжлийн ур чадвар үзүүлж шилдэг санаа үзүүлсэн хоёр багт талархлын бичиг гардууллаа.
Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/520 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг иргэд олон нийтийн дунд дөрөвдүгээр сарын 20-ноос энэ сарын 11-нийг хүртэлх хугацаанд зарласан. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, оюутан, залуус, олон нийтийн болон ТББ-ууд, ОХУ, Швед, Нидерланд, БНХАУ зэрэг улсаас нийт 28 баг бүтээлээ ирүүлжээ.
Хоёрдугаар байранд шалгарсан бүтээл
Уралдаанд ирүүлсэн эдгээр бүтээлийг энэ сарын 12-17-нд нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын вэб хуудас www.uda.ub.gov.mn-д байршуулж, олон нийтийн саналыг цахимаар хүлээн авсан юм. Нийт 55823 иргэн санал өгснөөс уралдаанд ирүүлсэн бүтээлийг шинэлэг байдал, үндэсний онцлог, түүх, соёлын хэв шинжийг агуулсан, байгаль орчинд халгүй, дэвшилтэт технологийн шийдэл бүхий олон төрлийн зориулалтаар ашиглах нөхцөлийг хангасан байдлаар болон иргэдээс хамгийн их санал авснаар шалгаруулжээ.
Гуравдугаар байранд шалгарсан бүтээл
НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан уралдаанд идэвх санаачилгатай оролцсонд талархал илэрхийлээд, цаашид нийслэл хотод хэрэгжүүлэх нийтийн эзэмшлийн томоохон төсөл хөтөлбөрүүдэд иргэд, олон нийтийн дунд уралдаан зарлаж сонгон шалгаруулж иргэн аж ахуй нэгжүүдийн оролцоог хангаж ажиллахыг эрхэмлэнэ гэдгийг онцолсон юм. Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталсан Комисс хуралдаж, олон нийтийн саналын дүн болон уралдааны удирдамжид заасан шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан уралдааныг дүгнэжээ.
“MGL E&C” дизайнерсийн ахлах Б.Билгүүн “Зураг төслийн уралдаанд анх удаа оролцож байна. Урт цагаан үйлчилгээний төвийг залуучууд, жуулчдад зориулснаар төсөөлж бүтээсэн. Жуулчдыг татах хэмжээний барилга байгууламжтай байх хэрэгтэй. Нэг хэвийн биш үндэсний хэв шинжийг хадгалсан орчин үеийн дизайнтайгаар төсөөлж зураг төслөө гүйцэтгэсэн” хэмээв.
Тэргүүн байранд шалгарсан бүтээлээр “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг сэргээн засварлах аж.