m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.05.29 01:10
245
ӨНӨӨДӨР: Олон улсын энхийг сахиулагчдын өдөр

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 2002 оны 05 дугаар сарын 29-нийг Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр болгон зарласан түүхтэй.

Манай улсын Зэвсэгт хүчний болон Төрийн цэргийн байгууллагуудын бие бүрэлдэхүүн 2002 оноос эхлэн энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлснээс хойшхи хугацаанд 18000 гаруй энхийг сахиулагчид үүргээ амжилттай гүйцэтгэж, өнөөдрийн байдлаар дэлхийн халуун цэгүүдэд 1100 гаруй цэргийн алба хаагчид үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна.

Харин Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 2012 оноос хойш даян дэлхийн энх тайвны төлөө дэлхийн орнуудын дайчин эрстэй мөр зэрэгцэн энхийг сахиулах үүргийг гүйцэтгэж байгаа бол энэ хугацаанд 320 орчим алба хаагч цэнхэр дуулгатнуудын эгнээнд орж,  дэлхийн энх тайвныг батлан хамгаалах ариун үйлсэд хүчин зүтгэж Онцгой байдлын байгууллагын төдийгүй Монгол Улсынхаа нэрийг олон улсад өндөрт өргөн, үүргээ биелүүлж байна.   

Дэлхийн 125 орны 100 мянга гаруй энхийг сахиулагчид 2019 оны байдлаар НҮБ-ын 14 энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байжээ. Цэрэг хандивлагч орнуудын жагсаалтад Монгол Улс 26 дугаарт бичигдэж байна. Монгол Улсын Засгийн газрын 140-р тогтоолоор баталгаажуулсны дагуу эл өдрийг манай улсад 2005 оноос тэмдэглэх болжээ.

Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа цэнхэр дуулгатнуудын гурав нь  эмэгтэй алба хаагч байна. 

НҮБ-ын энхийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн, үүргээ нэр төртэй  биелүүлж буй Онцгой байдлын байгууллагын нийт Цэнхэр дуулгатан Та бүхэнд “Энхийг сахиулагчдын өдөр”-ийн мэндийг хүргэе!!

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар