Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Номин холдинг” ХХК-ийн эзэмшлийн Улсын их дэлгүүрийн 6 дугаар давхар шатаж байна гэх дуудлага өчигдөр буюу 06 дугаар сарын 07-ны өдрийн 16:48 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирж, дуудлагаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах, НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоо нараар ахлуулсан 5 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 7 ангийн 230 гаруй алба хаагч ажиллаж, галын аюулаас 11 иргэнийг аварч, угаартсан 2 иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч, галын тархалтыг 17:30 цагт бүрэн зогсоон, түймрийг бүрэн унтраахаар ажиллаж 21:30 цагт бүрэн унтраалаа.
Гал түймрийн шалтгааныг холбогдох байгууллагын үзлэг шалгалтаар тогтоохыг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн бол ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс галын шалтгаан гарсан талаарх тодруулга авлаа.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү: Галын шалтгаан нөхцлийг мэргэжлийн байгууллагаас дээврээсээ гарсан дүгнэлт ирсэн. Шалтгаан нөхцөлтэй холбогдуулж, гал алдсан байж болзошгүй таван хүнийг шалгаж, тайлбар мэдүүлэг авч байна. Өчигдрөөс хэргийн газар нэгдсэн үзлэг, шалгалтыг хийгээд эхэлсэн байгаа" шалгалтын явц үргэлжилж байгаа талаарх мэдээллийг өглөө.
Өчигдөр /2020.06.07/ гарсан галын дуудлагын дагуу Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, Чингэлтэй дүүргийн 100 гаруй алба хаагч УИХ дэлгүүрийн ойр орчимд зохицуулалтыг хийж, аюулгүй байдлыг ханган ажилласан билээ.