
![]()
Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор орж ирсэн ОХУ-ын ачаа тээврийн жолоочид коронавирусийн тохиолдол илэрч, манай улсад батлагдсан тоо 194 болсон. Тус иргэн анх удаа манай улсын хилээр орж ирсэн байна. Өнөөдрийн байдлаар тухайн жолоочийг ХӨСҮТ-д тусгаарлахаар Сэлэнгэ аймгаас авчирсан бөгөөд биеийн байдал нь ямар нэг зовуурьгүй байгаа ба түүнийг олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу Монголд эмчлэх, мөн өвчлөлийн тоо нь ч өвчлөл анх оношлогдсон газраа бүртгэгддэг талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдрийн /2020.06.08/ Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр хэллээ.
Тэрээр, ЭМЯ-аас тухайн өдөр хилээр орж ирсэн 29 жолоочид бүгдэд шинжилгээ хийсний дагуу 28-аас нь коронавирус илрээгүй байна. Эдгээр жолооч хоорондоо ямар нэг байдлаар хавьтал болоогүй. Учир нь ОХУ талаас болон манай улс талааё аль алинаас давхар хяналт тавьж, тусад нь кабинд байлгаж байгаа бөгөөд шинжилгээний хариу гартал хооронд нь уулзуулахгүй байгааг мөн хэллээ.
Харин өнөөдөр /2020.06.08/ орой Улаанбаатарт газардах Австрали улсаас ирэх тусгай үүргийн нислэгээр ирж байгаа иргэдийн зарим нь коронавирусийн шинжилгээ хийлгээгүй байна. Эдгээр иргэдийг ирсэн даруйд коронавирусийн ямар нэг эмнэл зүйн шинж тэмдэгтэй байвал ХӨСҮТ-д тусгаарлана. Харин бусдыг нь нэг, нэгээр нь өөр газар тусгаарлаж, шинжилгээ авахыг А.Амабсэлмаа дарга мэдээллээ.
