m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.06.08 07:03
307
“Солиотой эр”

Хорь орчим минут ярилцсаныхаа дараа би түүнд “Солиотой эр” гэдэг нэр өгөөд байв. Харин түүнээс хойш хоёр цаг орчим бидний яриа үргэлжилж, хөвгүүдийнх нь хамт үдэж өгөхдөө “Өөртөө үнэнч хүн бусдын төлөө энэ зэргийн солиотой болоход яадаг юм” хэмээн бодож зогсов. Чин хүсэл, шантрах эрхгүй зорилго тэмүүллийнх нь зах зухаас ойлгож, тунгаагаагүй хүмүүст түүний хийж буй бүхэн солиотой. 

Түүнд төрийн байгууллагуудын алинд нь ч ажиллах боловсрол, мэдлэгээс гадна бие бялдар, гадаад хэл, сайхан хань, хөвгүүд, гэр орон бий. Тийм атал тэр 2006 оноос хойш байсхийгээд л хэдэн сараар гэр бүлээ, орон гэрээ орхин дугуйгаа унаад алга болдог болжээ. Нэг талаар тэр адал явдал хайгч, байнгын шинэ, гэхдээ хүнд хэцүүг мэдрүүлсэн бүхнийг эрэн ологч. Нөгөөтэйгүүр гэр бүл, амь нас, эрүүл мэндээ золиослон “алга бологч”. Өнгөрсөн хугацаанд тэр дэлхийн 90 гаруй орныг дугуй, үүргэвч хоёртойгоо туулжээ. 

Ингэхдээ нэг удаа “Хүн хэдий болтол хоол, хүнс идэхгүй байж чадах вэ” гэдгийг өөр дээрээ туршиж, 11 хоногийн турш юу ч идэлгүй явж үзсэн байдаг. Мөн Арабын орнуудаар аялж явахдаа 47 хэмийн халуунд элсэн цөлийг сонгож аялсан, Эверестэд хүчил төрөгчийн баллонгүй авирсан. Энэ мэтээр хээрээр гэр хийж, дугуйгаараа хань хийн туулсан сонирхолтой аяллынх нь талаар та удахгүй унших болно. Гэхдээ тэр зүгээр л нэг аялагч биш. Ийн явахдаа дэлхийн дээвэр гэгддэг Гималайн нурууны Канманду, Жири, Лукла оргилд буюу 5643 метрийн өндөрт монгол хүн анх удаа уулын дугуйтайгаа гарсан нь дэлхийд анхны тохиолдол болон бүртгэгдэж байв. Гэсэн ч тэр зогссонгүй. Дараа дараагийн аялал, өндрөөс өндрийг зорьсоор.  

2015 онд оргил өөд дугуйтайгаа мацаж яваад ачааны машинд мөргүүлэн бэртэл авсны улмаас аяллаа үргэлжлүүлж чадалгүй буцсан байдаг. Автомашинд мөргүүлж, замаас холоо шидэгдсэн тэрбээр хэдэн цагийн дараа сэрэхдээ “Би ер нь юуны төлөө ингэж яваа юм бэ” гэж өөрөөсөө асуугаад гэр рүүгээ хэзээ хэзээнээс илүүтэй яаран ирсэн гэдэг. Тиймээ, тэр юуны төлөө хамгийн эрсдэлтэй аяллыг сонгон дэлхийг тойрч, эгц хад, мөнх цаст уулс руу авираад байгаа юм бэ. Зүгээр л онгоцны тийз захиалаад, эсвэл галт тэргэнд суугаад аялж яагаад болохгүй гэж. Амь нас, эрүүл мэндээ үл хайрлан хэзээ, хаана, хэрхэх нь үл мэдэгдэх дугуйтай аяллыг сонгосон шалтгаанаа тэр “Хүүхдийн төлөө” гэж хариулав. 

“Таны аялал, ууланд авирах, юм үзэж харах хүүхдэд ямар хамаатай гэж. Харин ч та дуртай зүйлийнхээ төлөө л зүтгэж байгаа мэт санагдаж байна” гэсэн асуултыг минь амандаа хэдэнтээ давтсаныхаа дараа “Миний чадах зүйл энэ. Би маш удаан бодсон. Чадах зүйлээрээ өөрийгөө илэрхийлж, бусдын дэмжлэгийг авахыг хүссэн. Би энэ бүх аяллыг төрөх эмнэлгүүдэд нэн шаардлагатай байдаг нярайн аппарат, хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдээр ойрын жилүүдэд дутагдахааргүй хангамжтай болоход зориулж хийсэн юм. Ингэхийн тулд хүмүүнлэгийн чиглэлээр сайн дурын үйл ажиллагаа явуулдаг нэгэн том компанид хандсан. Тэднээс зөвшөөрсөн гэх хариуг зүгээр хүлээгээд сууж чадахгүй, хүлээнгээ өөрийнхөө чадах зүйлийг тэдэнд харуулахыг л хүссэн” гэв. 

Зорьж, тэмүүлж байгаа зүйл нь хүүхдийн төлөө учраас зам нь дандаа гэгээн байдаг биз ээ. “Дэлхийд долоон ноён оргил байдаг. Бүгдэд нь гарахыг хүсэж байна” гэж “Солиотой эр” хэлсэн.

2009 онд түүний том хүү нийслэлийн I амаржих газарт төрсөн. Бүтэлттэй төрсөн хүүг нь эмч нар “Амьдрахгүй байх. Морг руу шилжүүлсэн нь дээр” гэсэн ч Ц.Мөнх-чулуун эхнэрийнхээ хамт хүүгээ олон хоног эмчилсний хүчинд өдгөө 11 нас хүрч байгаа аж. Хүүгээ сахиж байхад нь хоёр ч залуу гэр бүл хүүхдээ ижил шалтгаанаар алдахыг харсан тэрбээр “Хүчилтөрөгчийн дутагдалд орсон хүүхдэд нэн шаардлагатай аппарат хэрэгслээр энэ эмнэлгийг зайлшгүй хангах хэрэгтэй юм байна. Зөвхөн энэ аппаратгүйгээс болж хэчнээн гэр бүл өнчрөл, хагацал үзсэн, цаашид үзэх юм бэ” хэмээн бодож, арга хайж эхэлсэн гэнэ. Тэр эрчимт эмчилгээний тоног төхөөрөмж, эм тариа дутмаг байгааг олон хүнд таниулахыг хүсч эхлээд Монголоо дугуйтай тойрсон гэнэ. Төдийлөн үр дүнд хүрээгүй байна.

Ингэж байтал АНУ-д гудамжинд дуулж, бүжиглэдэг 11 орны урлагийн авьяастай хэсэг бүлэг хүн нэгдэж, тоглолт хийн олсон орлогоо хөгжил буурай орны хүүхдүүдийн сурч боловсрох болон эрүүл, аюулгүй орчинд өсөж бойжиход хандивладаг төсөл хэрэгжүүлдэг тухай 2014 онд олж сонссон байна. Ингээд тэрбээр тэдэнтэй холбогдож, “Үндэс” төслөө танилцуулахад “2015-2016 оны аялал тоглолтын хөтөлбөр батлагдчихсан. Гэсэн ч таны төслийг гишүүддээ танилцуулаад эргэн холбогдоё” гэсэн аж.

Тэгэхээр уг тоглолт Монголд зохион байгуулагдах боломжтой гэсэн үг хэмээн бодож, түүнээс хойш Ц.Мөнхчулууны зорилго тус хүмүүнлэгийн тоглолтыг эх орондоо хийлгэх, үүний дараа нярайн орчин үеийн тоног төхөөрөмжийг төрөх эмнэлгүүдэд хандивлуулах болсон байна. Тэр гэхдээ зүгээр хүлээж суухыг хүссэнгүй. Өөрт байгаа хамгийн боломжит, үр дүн гарч болох зүйлээ тооцоолж үзэхэд экстрим аялал хийж, Монголыг анхдагчдын эгнээнд багтаахаас гадна хаана, хэрхэн юу хийж яваагаа дээрх байгууллагад байнга мэдэгдэж, имэйл бичих байж. Энэ ёсоор тэр имэйл бичсээр байгаа юм байна. 

Түүнийг ийн ярьсны дараа “Гаднын улс, орнуудын буцалтгүй тусламж, зээл, Засгийн газрын санхүүжилтээр төрөх болон бусад эмнэлгийг сүүлийн дөрвөн жилд тоног төхөөрөмж, нэн шаардлагатай аппарат хэрэгслээр бараг л хангачих шиг болсон. Хэрэгжиж мэдэх, муугаар бодоход ирэхгүй ч байж болох тусламжийн төлөө та өнгөрсөн жилүүдийг зарцуулсан юм биш байгаа даа” гэж эрхгүй асуучихав. Уртаар санаа алдангаа өөдөөс эгцлэн хараад “Засгийн газар, буцалтгүй тусламж гэх мэт шугамаар тоног төхөөрөмжүүд ирж байгаа нь сайн хэрэг. Миний хүсэж, зорьж байгаа энэ зүйл бол Мөнхчулуун, Мөнхчулууны гэр бүлийн өмнөө тавьсан зорилт. Би I төрөхийн Эрчимт эмчилгээний тасгийг хамгийн чухал аппарат хэрэгслээр нь хангачих юмсан гэж мөрөөдөөд 12 жил болох гэж байна. Ахиад хэдэн жил шаардахыг би мэдэхгүй ч үр дүн чухал.

Гэхдээ өнгөрсөн хугацааг би дэмий үрсэн гэж хэлэхгүй. Хүүхдийн төлөө монголчууд ингэж дуугардаг гэдгийг би Эверестийн оргилуудад тунхагласан шүү” гэлээ. Ийм хариулт авсан ч санаа минь амарсангүй. Дахиад л “Та өнгөрсөн хугацаанд аль нэг яам, тамгын газарт мэргэжилтэн, даргын албан тушаал хашаад, эсвэл компани, төрийн бус байгууллага байгуулаад ажилласан бол бараг өнөөдөр өнөөх аппаратуудаа төрөх эмнэлэгтээ гардуулж байж ч болохоор байлаа” гэчихэв. “Яг наад үгийг чинь олон хүн надад хэлж байсан. Зорилгод хугацаа бус үр дүн чухал гэж би дээр хэлсэн. Намайг амар хялбараар тусламж авахын тулд энэ аргыг сонгосон гэж та хэлэх гээд байна уу. Харин ч үгүй шүү. Энэ байгууллага бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, хүүхдийн боловсрол, хөгжмийн мэдлэг, эрүүл мэндийг хөгжүүлэх, дэмжихийн төлөө бүхнээ зориулдаг. Энэ ч утгаараа хамгийн сүүлийн үеийн тоног, төхөөрөмж, аппарат хэрэгслийг хүүхдийн төлөө зориулдаг юм билээ. Монголын төрөх эмнэлэгт тэр аппаратууд байж яагаад болохгүй гэж. Өөр шугамаар өөр аппарат ирнэ л биз. Миний зорьсон, миний хүссэн зүйл өөр.

Нэмж хэлэхэд өнгөрсөн хугацаанд миний урсгасан хөлс, хамгаас хайртай эхнэр, хүүхдүүдээ орхиод ганцаараа туулсан зам юу юунаас үнэ цэнтэй юм шүү” гэлээ. “Тэгвэл та яагаад хэн нэг дарга, сайдын бараг танил талаараа олчих тоног төхөөрөмжийг өөртөө биш, гэр бүлдээ ч биш эмнэлэгт хандивлахын тулд хайртай гэр бүлээ хамгийн багадаа гурван сар түүнээс их хугацаагаар орхиж, экстрим аялал хийгээд байгаа юм бэ. Харин ч хүүхдүүдийнхээ төлөө гэртээ байх ёстой юм биш үү. Цэцэрлэг, сургуульд нь зөөгөөд, орой хамт тоглоод гэх мэт”-ээр гэсэнд “Чи намайг буруутгаж, няцаахыг оролдох гээд байна. Гэр бүлийнхэн маань ч намайг маш сайн ойлгож, дэмждэг. Миний хувьд цаг тутамд шинэ сонин зүйлтэй учирч явдаг болохоор ар гэрийнхнийхээ сэтгэл зовнилыг тэр бүр мэдэрдэггүй байж мэднэ. Харин гэрийнхэн минь цаг мөч бүрт “Сайн яваа болов уу”, “Эсэн мэнд яваад хурдан ирээсэй”, “Одоо яаж яваа бол”, Нартай, шуургатай, бороотой, цастайд хэрхэж байгаа бол” гэж сэтгэлээ чилээж байдаг байх. Миний хийж байгаа аялал бол эхээс бүтэлттэй төрсөн мянга мянган нярайн хэлж чадахгүй үгсийг илэрхийлж байгаа зүйл.

Хэдэн зуун хүүхэд зөвхөн тэр аппаратгүйн улмаас амиа алдсан бол. Тэдний дуу хоолой бол миний энэ чамд болон бусдад утгагүй мэт санагдаж байгаа аялал, тэмцэл. Салбарын яам нь анхаарахгүй, над мэтийн хүн хэлбэл нохой хуцсан чинээнд тооцохгүй энэ үед би өөрийнхөө чадлаар, хэр хэмжээндээ тэмцэж яваа. Хүмүүсийг ингэх тусам би зорилгоо зөв гэдгийг илүү хүчтэйгээр мэдэрдэг” гэлээ. Энэ бүх ярианы дараа “Таны энэ тууштай зан чанар аав, ээжийн тань хэнээс өвлөгдөж ирсэн юм бэ. Таны зорилгыг 11 жилийн цаг хугацаа мохоогоогүй байхад миний эгдүүцүүлэхийг оролдсон асуултууд эргэлзэхэд хүргэнэ ч гэж юу байх вэ” гэхэд “Яг үнэн. Цаг хугацаа намайг оролдоогүй, буруутгаагүй цагт миний зорилго зөв гэсэн үг. Би бүтэн өнчин. Айлын ганц хүү. Миний аав, ээж сэхээтэн хүмүүс байсан гэсэн. Хүүхэд байхаасаа Дэлхийн зөн зэрэг хүүхдийн төлөө байгууллагуудад сайн дурын ажилтан хийж ирсэн. Аялал жуулчлалын мэргэжил эзэмшсэн. Сингапурт магистрын зэрэг хамгаалсан. Хэлний хувьд хаана ч газардахгүй. Амьдарсан түүх минь л намайг бүтээсэн байх. Одоо бол миний хөвгүүд, хань минь намайг гэртээ эрүүл саруул ирэх шалтгаан минь” гэв. Ингээд би түүнээс асууж эхэлсэн юм.  

-Санаанд багтахгүй юм. Түнэр харанхуйд, ойд, эсвэл бороо, цасан шуургатайд дугуйндаа ороод унтчихна гэх биш. Аяллын хэрэгслээ яагаад заавал дугуйгаар сонгосон юм бэ?
-Нэгдүгээрт, хамгийн зардал багатай тээврийн хэрэгсэл. Хоёрдугаарт, би унаагаа хаана ч орхиод явж чадахгүй. Эверест рүү би машин үүрээд гарч чадахгүй шүү дээ. Шаардлага гарвал тухайн орон нутгийн зочид буудалд хоноглоно. Миний аяллын ихэнх хугацаа өвөл, хүйтний улиралд болж байсан. Гэхдээ надад энэ нь сонирхолтой. Зарим уулчид уулсын оргилд гарахын тулд бэлд нь онгоцоор бууж, эсвэл машинаар хүргүүлдэг юм билээ. Би өөрийгөө болон бусдыг хуурмааргүй байна. Бүгдийг чин сэтгэлээсээ хийх хэрэгтэй. 

-Та аяллынхаа турш хамгийн багадаа хэчнээн гутал сольсон бэ. Дугуй унасан хүүхдийн гутлын ул тэсдэггүй. 
-Гутал солих шаардлагагүй дээ. Бүр Эверестэд авирахдаа хүртэл уулын зориулалтын гуталгүй явсан. Гэсэн ч зорилгодоо хүрэхийн тулд зуны арьсан гуталтайгаа, борооны цувтайгаа авирсан. -35-аас дээш хэмийн хүйтэн байсан. Уулчид намайг “Солиотой Монгол” гэдэг юм. Гэсэн ч Улсынхаа далбааг Эверестийн нэг оргилд мандуулаад зогсож байхад тэр хүртэлх ядрал, бэрхшээл арилах шиг болсон. Улсынхаа далбааг мандуулж байх тэр агшны аз жаргалыг юугаар ч орлуулашгүй. Төрийн соёмбот далбаа ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг тэнд очсон хүн л мэдэрнэ. Тэр аз жаргал хүүхдүүдийн төлөө байсан. 

-Өндрийн өвчин гэж байдаг. Та өөрийгөө хэрхэн бэлдсэн бэ?
-Би уулын дугуйн спортоор хичээллэдэг, багагүй бэлтгэгдсэн гэдэг утгаар аяллын хувийн бэлтгэлд санаа зовох зүйлгүй. Оргил руу дайрахад харин өндрийн өвчнөөс сэргийлэх, орчинд дасахын тулд хугацаа шаарддаг. Балбын нийслэлд би халаасандаа 30-хан доллартай очиж байлаа. Хөтөчтэйгээ энд байхдаа интернэтээр холбогдчихсон байсан. Очоод хөтөчдөө “Би хамгийн хүнд хэцүү замаар нь оргилд гарахыг хүсэж байна. Энэ аялал бол хүүхдүүдийн хувьд маш чухал” гэж хэлсэн. Хөтөч маань сүүлийн 10 гаруй жил хүн яваагүй замыг сонгож намайг мацуулсан. Экстрим аялал хийдэг хүмүүс тэр замаар явдаг ч, цөөнгүй хүн эргэж ирээгүй, заримынх нь цогцос доороос олдсон гэх мэт мэдээллийг сүүлд уншиж байсан. Энэ мэт хэцүү зүйл байх ч зорилго, итгэл найдварын өмнө юу ч биш. 

-Та яагаад хоол идэхгүй олон хоног явсан юм бэ. Энэ таны нөгөө байгууллагын анхаарлыг татах гэсэн оролдлогын нэг үү?
-Тэгж хэлж болох ч өөрийгөө бас сорьж үзсэн юм. Хятадын өмнөд Сычюань мужийн өндөр уулсын дунд энэ сорилтоо хийж байлаа. Бас заавал элсэн цөлөөр явах нь ч нэг төрлийн сорилт байсан. 

-Гэр бүлийн чинь хүний хувьд таныг “Одоо болно оо, үр хүүхэд, амьдралаа бод” гэдэг үү?
-Тэгэлгүй яах вэ. Гэхдээ би замд таарсан саад бэрхшээл, элдэв жижиг сажиг асуудлыг аялж явахдаа эхнэрээ сэтгэл санаагаар нь өөдрөг байлгахын тулд, муу энерги өгөхгүйн тулд хэлдэггүй. Гэртээ ирээд л ярихыгаа ярьдаг. 

-Гэхдээ та энэ аяллаас маш их зүйл сурч байгаа. Ядаж л бодлоо цэгцлэх, аливаа юмны утга учрыг ойлгохыг хичээх гэх мэт өдөр тутмын ажилдаа дарагдсан хүмүүсийн хүсдэг бүхнийг өөртөө бий болгож чадаж байгаа тийм үү?
-Би өөрийгөө гэхээсээ илүүтэй хүний мөн чанар, хүн төрөлхтний язгуурыг таньж байгаа гэж болно. Японы тамагочи гээд тоглоомыг зохион бүтээгч, Японд төдийгүй дэлхийд зартай баян эр дугуйгаа унаад л дэлхийг тойрон аялж байна. АНУ, Герман гээд хөгжилтэй орнуудын баян, хэнд ч юу ч худалдаад аваад өгчих хөрөнгөтэй хүмүүс дугуйгаар аялж байна. Би япон зохион бүтээгчээс “Танд бүх юм байхад яагаад дугуйгаар аялж байгаа юм бэ” гэж асуусан. Тэгсэн “Өнгөрсөн хугацаанд би хангалттай байшинд сууж, хангалттай олныг зохион бүтээсэн. Сүүлдээ надад шинэ санаа төрөхөө больсон. Харин би аялж эхэлснээр тамагочигийн загварууд шинэчлэгдэж, би шинэ санаагаар дүүрэн болж байна” гэсэн. 

-Амиа алдах шахсан тухай таны фэйсбүүк хуудаснаас уншсан?
-Өндөр уулын бүсэд туршлага гэхээсээ илүү хүчилтөрөгч маш чухал гэдгийг ойлгосон. Эхний авирсан оргилд уулчид 5000 метрээс хүчилтөрөгчийн баллон хэрэглэж байна лээ. Надад баллон байгаагүй болохоор шууд л авирсан. Миний хөтөч Эверестийн оргилд 12 удаа авирсан Балба Улсын иргэн Жамбу Ширпа гэж туршлагатай уулчин байсан тулдаа миний амийг аварсан. Хоёр дахь нь тус ууланд манайхаар янгир ямаа явдаг замаар усархаг, шавартай хүнд хэсгээр л унадаг дугуйгаа үүрэн зогсолтгүй авирсан. Тэгтэл гэнэт луус морьтой мөргөлдөж өндөр уулын эгц уруу унах гэж байхад өнөөх хөтөч залуу намайг татаж, миний амийг хоёр дахиа аварсан даа. Гурав дахь нь, Шинжаань уйгарын Турпан хотоос гараад уулын өгсүүр тахиралдсан замаар өгсөж явлаа. Зураг авч байтал дээрээс уруудаж явсан ачаатай шалаанз тоормос алдан эрчээрээ онхолдсон. Азаар миний дээгүүр гарч доош өнхөрсөн. Ухаан балартаж, хэсэг хугацааны дараа сэрэхэд бүх зүйл болоод өнгөрсөн байсан. 

-Танай гэр бүлийн зорилго биелж, нөгөө байгууллага аппарат, хэрэгсэл хандивлавал та экстрим аяллаа зогсоох уу?
-Би дэлхийн долоон ноён оргилд гарахыг хүсэж байгаа хүн шүү дээ. Дугуй бол миний үнэнч анд. Магадгүй би өөр зүйл олж, шинэ зорилгынхоо төлөө аялж эхлэх байх. 

-Та одоо хэдэн настай юм бэ?
-40 гарсан. Гэхдээ сайн үйлс, сайны эрэлд нас хамаагүй биз дээ. 

-Та яагаад ганцаараа аялдаг юм бэ. Зожиг гэмээр?
-Харин ч энэ нь надад аюулгүй. Монголд даатгалын хэлбэр, зүйлчлэл дэндүү дутмаг. Аялагч хамт явахдаа замын дунд бэртэж гэмтвэл яах вэ, би түүнд тусалж чадах бил үү. Эхнэр, хоёр хүүхдээ орхин байж эрсдэлтэй аялал хийж байгаа нь хүүгээ төрөхөд биеэр туулсан тэрхүү зовлонг олон эцэг, эх бүү амсаасай гэсэндээ хийж байгаа алхам.

Тэр фэйсбүүк хуудастаа “Хөлс, золиос, сэтгэлгүйгээр юу ч бүтэхгүй” гэж бичжээ. Зорьж, тэмүүлж байгаа зүйл нь хүүхдийн төлөө учраас зам нь дандаа гэгээн байдаг биз ээ. “Дэлхийд долоон ноён оргил байдаг. Бүгдэд нь гарахыг хүсэж байна” гэж “Солиотой эр” хэлсэн. Түүний хүсэл тэр оргилуудаас ч өндөр ажээ. Тийм л учраас Геннисийн номонд “Дугуйгаар Эверестийн оргилуудад гарсан дэлхийн анхны хүн болж албан ёсоор бүртгэгдлээ” гэж бичигдсэн юм шүү дээ.

Эх сурвалж: "Үндэсний шуудан" Б.Энхмарт