

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна. /2020.06.09/
Өчигдөр нийт 20 шинжилгээ хийхэд бүх шинжилгээнээс коронавирусийн халдвар илрээгүй. Дархан-Уул аймагт мөн 20 шинжилгээ, Дорноговь аймагт тусгаарлагдсан дөрөв, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 15 хүний давтан шинжилгээнээс бүгдээс нь мөн коронавирусийн халдвар илрээгүй байна.
Өнөөдөр 10 иргэн эдгэрч ХӨСҮТ-ээс гарч, дараагийн шатлалын тусгаарлалт руу шилжлээ. Эдгэрсэн хүмүүс 18-25 насны оюутнууд байгаагаас тав нь цэргийн сургуулийнх, тав нь Алтанбулаг боомтоор орж ирсэн хүүхдүүд байна. Тэдний дөрөв нь эмэгтэй, зургаа нь эрэгтэй. Өчигдөр Сидней-Улаанбаатарын нислэгээр ирсэн 262 зорчигчийн 2 иргэнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан бол Цэргийн төв эмнэлэгт 15 хүнийг тусгаарлаж, бусад хүмүүсийг тусгаарлах байруудад байрлууллаа. Эдгээр иргэдээс сорьц цуглуулах ажил өнөөдөр өглөөнөөс эхэлсэн, маргааш хариуг танилцуулна" хэмээн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ.
Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 194 болсон бол өнөөдрийн байдлаар 85 хүн эдгэрч, 109 хүн эмчлүүлж байна.
