m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.06.09 08:07
506
Гомдол, хэргийн талаарх мэдээлэл авах боломжтой ЦАХИМ САЙТ АШИГЛАЛТАД ОРНО

Улсын Ерөнхий Прокурорын газрын бүртгэл мэдээллийн хэлтсээс гэмт хэргийн мэдээлэл авах E-JUSTICE.MN цахим сайтыг энэ сарын 18-нд ашиглалтад оруулах талаарх мэдээллийг өглөө. /2020.06.09/

Иргэд энэхүү цахим мэдээллийн сангаас Цагдаагийн Ерөнхий газар /ЦЕГ/, УЕПГ, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын /ШШГЕГ/ мэдээлэл авч ашиглах болон хэрэгт холбогдсон иргэн, сэжигтэй, яллагдагч, хохирогч болон ямар нэгэн хэргийн талаар гомдол гаргасан иргэд мөн уг цахим сайтад хандан, хэрэг маргаан ямар шатандаа явж байгаа, яаж шийдэгдэж буй талаар мэдэх боломжтой. 

Цахим сан нь зөвхөн шүүх, прокурор, хууль сахиулах байгууллага хоорондоо үйл ажиллагаагаа солилцож байгаа явдал биш энэ программыг ашиглан хуулийн байгууллагуудаас үйлчилгээ авч байгаа иргэн хүний хүсэлт, гомдол аль шатандаа явааг хянах, үйл ажиллагаанд оролцох олон талын ач холбогдолтой, иргэн хүн руу чиглэсэн том ажил болсныг УЕПГ-ын Бүртгэл, мэдээллийн технологийн албаны дарга Ц.Хашбаатар мэдээллээ.

2020 оны гарсаар эхний зургаан сарын байдлаар УЕПГ 30 мянга гаруй гомдол мэдээлэл хүлээн авч шалгасан. Эдгээр иргэд гомдол мэдээллийнхээ араас заавал хуулийн байгууллага руу биеэр очих шаардлагатай байсан бол дурын газраас мэдээллээ авах боломжтой болсон. Уг мэдээллийн сангийн хамгийн том давуу тал нь шүүх, хууль сахиулах байгууллагууд хоорондоо хэрхэн хамтран ажиллаж болохыг харуулсан, мөн Парламент, Засгийн газрын зүгээс нэг зорилготой хамтран ажиллах боломжтой болж байгааг албаны хүмүүс хэлж байна. 

 Энэ төсөл нь шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулж, мэдээллийн давхардлыг арилгах, байгууллагуудын ажлын менежментийг сайжруулах, хялбаршуулах, цахим мэдээллийн нэгдсэн тогтолцоо бий болгох зорилготой аж.