
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Бүгд найрамдах Казахстан улсаас эх орондоо ирэхээр 1000 гаруй иргэн хүсэлт гаргасныг үндэслэн өчигдөр буюу зургадугаар сарын 10-ны өдөр тусгай үүргийн нислэг үйлдэж, 175 иргэнийг эх орондоо авчирлаа. Уг нислэгээр ирсэн 175 хүнээс нярай хүүхэд дөрөв, хөгжлийн бэрхшээлтэй таван иргэн ирсэн байна.
Эдгээр зорчигчоос нэг иргэн албан хаагчдын тавьсан шаардлагыг эсэргүүцэж, онгоцноос буухгүй хэмээн зорчигчдыг буулгах үйл ажиллагааг 30-аад минут саатуулснаас үүдэж, цагдаагийн байгууллагын алба хаагчид улаан бүсэд нэвтэрч хэв журмыг сахиулсаныг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.
Нисэх буудлын улаан бүс рүү цагдаагийн машин Хилийн мэргэжлийн хяналтын албаны зөвшөөрлөөр нэвтэрч, хэв журмыг сахиулсан бол гарахдаа хамгаалалтын хувцсыг ном журмын дагуу тайлж, ариутгал халдваргүйтгэл хийлгэсний дараа улаан бүсээс гарсан байна.
Мэргэжлийн байгууллагын тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байх тохиолдол өмнөх нислэгүүдэд ч гарсан бөгөөд энгийн биш цар тахлын онцгой үед иргэд ажилд саад учруулахгүй байхыг МХЕГ-аас анхаарууллаа
