
Монгол Улсын Засгийн газраас АНУ-д коронавируст халдварт цар тахалтай тэмцэхэд зориулж нэг сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн.
Тусламжийг эрүүл мэндийн салбарын ажилчдын хэрэглэх хамгаалах хэрэгсэл хэлбэрээр авах хүсэлтээ америкийн талаас гаргасныг манай тал хүлээн авч энэ сарын 21-ний өдөр /2020.06.21/ МИАТ компанийн зорчих тээврийн онгоцоор хүргэж өгөхөөр шийдвэрлэлээ.
Мөн хүргэж өгөөд буцахдаа энэхүү онгоцоор АНУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргаад буй 250 гаруй иргэнээ авч ирэхээр төлөвлөжээ. Манай улс энэ сард гадаад улсад байгаа 2300 гаруй иргэнээ есөн удаагийн чартер нислэгээр авах юм. Эдгээр иргэдийг хүлээн авч, тусгаарлан үйлчлэх, тандалт шинжилгээ, мэдээлэл авч ажиллахад эрүүл мэндийн салбар болон бусад байгууллагууд бэлэн гэдгийг Улсын онцгой комиссын өчигдрийн /2020.06.11/ хурлаар мэдээллээ .
