m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.06.13 05:13
539
ЯЛАЛТЫН ПАРАДАД ЖАГСАЖ ЯВСАН АХМАД Г.ЭРДЭНЭСҮХИЙНХ

Төв аймгийн Зуунмод хотын баруун захад байрлах нэгэн таван давхар байрны гадаа хүүхэд багачууд ёстой нэг шаагилдаж байх юм. Тэр дунд дөрвөн нас хүрч байгаа болов уу гэмээр үсээ хоёр боож, даашинз өмсөж, өөртэйгөө адилхан хүүхэлдэй тэвэрсэн бяцхан охин нэлээд дуу чимээ ихтэй, том хүүхдүүдийг дагаад гүйгээд байх нь ахлах ахлагч Б.Ганжаргалын том охин ажээ. Саяхан л ашиглалтад орсон энэхүү орон сууцанд эзэд нь аль хэдийн төвхнөж, хүүхэд багачууд нь хоорондоо хөөцөлдөж тоглож байгаа нь энэ бололтой. Мэдээж тус байр нь Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын албан тушаалын 30 айлын орон сууц бөгөөд БХЯ, ЗХЖШ-ын дэмжлэгтэйгээр алба хаагчдынхаа нийгмийн хамгааллыг шийдвэрлэсэн бодит ажил энэ юм. Энэ удаагийн “Танайд өнжье” буланг нийгмийн асуудлаа шийдвэрлүүлж, албан тушаалын байрандаа төвхнөөд удаагүй байгаа Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын жирийн нэгэн офицер, ахлагчийнхаас бэлтгэсэн юм.

 Бидний эхний онцлох айл тус командлалын Материал техникийн хэлтсийн материал хангалтын офицер, ахмад Г.Эрдэнэсүхийнх. Зэвсэгт хүчинд 11 дэх жилдээ алба хааж байгаа энэ залуу Сүхбаатар аймгийн Мөнххаан сумынх, гэргий Э.Аззаяа нь мөн л Сүхбаатар аймгийн Уулбаян сумынх гэнэ. Тэд арван жилийн нэг ангийнхан бөгөөд гэр бүл болоод 14 жил болж байгаа, гурван хөөрхөн охины аав, ээж ажээ. Гэрийн эзэн БХИС-ийг 2006-2010 онд санхүүгийн удирдлага, 2011 онд ар талын офицер мэргэжлээр тус тус төгсөж, ажлын гараагаа Зэвсэгт хүчний 327 дугаар ангиас эхлүүлсэн байна. Үүний дараа 2012-2016 онд Зэвсэгт хүчний 016 дугаар бригадад шатахууны нөөцийн агуулахын дарга, 2016-2019 онд Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид хангалтын офицер, 2019 оноос Хуурай замын цэргийн командлалд материал хангалтын офицероор томилогдсон нь энэ.

Түүний олон улсын болон хамтарсан сургалт, дадлагад ч оролцсон олон байна. Тухайлбал, БНТУ-д зохион байгуулагдсан тусгай хүчнүүдийн хамтарсан тактикийн хээрийн сургуулиас эхлээд “Хааны эрэлд”, “Сэлэнгэ”, “Бланс мажик”, “Нүүдэлчин заан”, “Аравт” гээд олон улсын болон хамтарсан сургалт, дадлагуудад нэгээс дөрвөн удаа хүртэл оролцож, туршлага хуримтлуулжээ. Түүнийг онцлох өөр нь нэг зүйл нь 2015 онд Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойгоор ОХУ-ын Москва хотын төв талбайд монгол цэргийн цог жавхаа, сүр хүчийг илтгэж цэргийн ёслолын жагсаалаар алхсан 70 дайчдын нэг. Энэ тухай тэрээр “Эх орноо төлөөлж байна гэхээр өөрийн эрхгүй бахархал, омогшил төрдөг юм билээ. Тэр үедээ бэлтгэл, сургалтаар “нүдүүлж” байсан ч одоо эргээд бодоход дурсамж ихтэй сайхан байдаг юм. Тэгэхэд манай Мөнххаан сумынхан тэр чигтээ зурагтаар үзсэн гэнэ лээ. “Манай нутгийн хүү энэ дунд яваа” гээд л. Аав, ээжид минь баяр хүргээд л. Их сайхан байсан шүү” гэлээ. “Цэрэг хүний аав, ээж өөрийн эрхгүй л Зэвсэгт хүчний хугацаагүй байлдагч болсон байдаг шүү” хэмээхэд “Тийм юм билээ. Миний аавыг Ш.Ганболд гэдэг насаараа л тракторын жолоо барьсан сайхан буурал бий. Залуу байхаасаа л нутаг орондоо хурданы морь сойж, уралдуулж яваа сумын алдарт уяач хүн дээ. Миний ах нар болоод би гэдэг нөхөр наадам болгоноор аавынхаа уясан морийг унаад дарцаглаж давхиж явснаа эргээд бодоход их сайхан шүү. Олон ч морийг түрүүлж, айрагдуулж аавыгаа баярлуулж явлаа. Ээжийг минь Д.Оюун гэдэг Мөнххаан сумандаа 33 жилдээ сувилагчаар ажиллаж байгаа. Би эхээс дөрвүүлээ. Хамгийн том нь Г.Болорсүх Хэнтий аймгийн Цагдаагийн газарт, дараах нь Г.Болор-Эрдэнэ хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол бага дүү Г.Мөнх-Эрдэнэ Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн дугаар салбарт орлогчоор ажилладаг” гэв. Энэ зуур түүний бага охин нөгөө өрөөнөөс “Аав аа!” гэсээр гүйж ирэв. Хөөрхөн халзан толгойтой болчихож. Зургаадугаар сарын 5-ны өдрийн билэгт сайн өдөр даахийг нь үргээлгэсэн гэнэ. Энэ үеэр хоёр талын аав, ээж нь ирээд “Арми зүтгэсэн нэгэндээ ийм л өгөөжтэй газар даа. Миний хүү ажлаа л сайн хий. Одоо үр хүүхэддээ санаа зовох юмгүй боллоо” гээд л өмнөөс нь талархаж, сүйд болсныг гэрийн эзэн маань баяртайгаар ярилаа.

   Тэрээр охидынхоо хүсэл мөрөөдлийг нь сонсож, тэр чиглэлийн сургалт, дугуйланд нь ч аль болох хамруулахыг хүсдэг байна. Том охин Э.Энхтуул наймдугаар анги, дунд охин Э.Ану-Үжин дөрөвдүгээр анги, бага охин Э.Энх-Үжин хоёр настай. Том охин нь онгоцны үйлчлэгч болох мөрөөдөлтэй бөгөөд аав, ээж нь түүнийг загварын дугуйлан, англи хэлний сургалтад хамруулж байгаа гэнэ. “Аав аа, аниаг гар бөмбөг, сагсан бөмбөгөөр сургуулийнхаа шилдэг тамирчдын нэг гэдгийг нь хэлээрэй” хэмээх дунд охин Э.Ану-Үжин гимнастик, теннисээр хичээллэж, уран зураг зурах сонирхолтой бөгөөд энэ чиглэлд авсан шагнал, урамшуулал ч их ажээ. Саяхан “Эх үрсийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан зурсан зургаараа шагнал, өргөмжлөл авсан нь гэрийнх нь хойморь залаастай байв. Гэрийн эзэгтэй Э.Аззаяа “Өнөөдөр төрийн албан хаагчийн цалингаар байрны урьдчилгаа хийнэ гэдэг их хэцүү. Ийм цаг үед алба хаагчдынхаа нийгмийн хамгааллыг шийдвэрлэсэн Хуурай замын цэргийн командлал болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлагуудад маш их баярлаж байна. Гэр бүлийнхээ өмнөөс баярлалаа гэдгээ хэлье. Та бүхний ажил үйлс үргэлж өөдөө байг” хэмээн талархал дэвшүүлэнгээ гал тогооноос хоол, цай барьсаар ирэв. Тэрээр нийслэлийн Баянзүрх дүүргийн 33 дугаар ерөнхий боловсролын дунд сургуулийн бага ангийн багш, сурган хүмүүжүүлэгч бүсгүй ажээ. Хамгийн анхны шавь нь 1991 оных гэхээр олон мянган шавьтай гэдэг нь тодорхой байв. Ажлынхаа талаар хуучлахдаа “Бага ангийн багш гэдэг маш чухал мэргэжил. Хүний нялх үртэй харьцахад гоё. Гэхдээ бас амаргүй. Миний хувьд шавь нараа онц сурч, тэргүүлэгч болгохоос нь илүүтэй хүнтэй зөв харилцаатай, өөртөө итгэлтэй, хариуцлагатай хүн болоход нь туслахыг хичээдэг. Амьдралд энэ л их чухал. Суурь хүмүүжил хэр тавигдана тэр жимээр явдаг учраас аль болох шавь нартайгаа нээлттэй байж, санаа сэтгэгдлийг нь сонсож ярилцах дуртай даа” гэлээ. Ханийхаа тухай “Миний бахархал. Манай гэр бүлийн ганц баатар” гэж тодорхойлов. Цэргийн хүний гэргий байна гэдэг том шалгуурыг давдаг алба юм билээ. Анхандаа хүүхдүүд нялх байхад хээр сургууль, дадлага гээд явахад нь мэдсээр байж гомддог л байлаа. Одоо маш их ойлгодог болсон. Цэргийн албанд ч өөрийн эрхгүй их хайртай болсондоо хэмээн инээмсэглэв. Тэрээр шавь нарынхаа хувийн хэргийг хөтлөхөөр 50 гаруй дэвтрийг ширээн дээрээ өрсөн байх бөгөөд бага охин Э.Энх-Үжин өнөөх дэвтрээс нь шүүрч гүйгээд гэрээр нь дүүрэн “Энжи болохгүй шүү” гээд аав, ээж, эгч нар цөмөөрөө араас нь хөөцөлдөж гүйх нь энэ айлын аз жаргалтай нэгэн өнгө байлаа.

Ахлах дэслэгч Д.БОЛОРМАА