
ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч, өдгөө “Бразил 2014”-ийн Зохион байгуулах хороонд ажиллаж буй Роналдогийн FIFA.com-д өгсөн ярилцлагыг толилуулъя.
-Та 20 жилийн өмнө мэргэжлийн хөлбөмбөгт хөл тавьсан. Тэр үед чухам юу бодож, мэдэрч байснаа санадаг уу?
-Хэдийгээр бүтэн хоёр арван өнгөрсөн ч өөрийн хөлбөмбөгийн замналаа бүхэлд нь санаж байна. “Крузейро”-гийн бүрэлдэхүүнд хийсэн анхны тоглолт яг л өчигдөрхөн болсон мэт. Талбайд гарахын өмнө маш их сандарч байсан ч тоглолт эхэлсний дараа догдлолоо дарж чадсан.

-Анхны тоглолтыг чинь гэр бүлийнхэн тань үзсэн үү?
-Тэр үед гар утас байсангүй. Тэр ч байтугай Бенто-Рибейро дахь (Рио-де-Жанейрогийн дагуул хот) найзуудын маань хэнийх нь ч гэрт телефон утас байхгүй учраас ойр дотныхондоо хэлж чадаагүй. Харин эцэг маань төрсөн гэрээсээ 450 км-ийн алсад байгаа миний тоглолтыг радиогоор сонссон гэсэн. Тэр тоглолтод “Крузейро” хожсон юм.
-Мэдээж одоо таны амьдрал 360 хэм өөрчлөгдсөн. Анхны цалингаараа гэртээ юу авч байв?
-Бенто-Рибейро дахь гэр бүлийнхэн маань газраар унтдаг байсан учраас анхны цалингаараа буйдан авч өгсөн.
-Хэрвээ тэр үед эргэж очих боломж олдвол ямар нэгэн зүйлийг өөрөөр эхлэх үү?
-Үгүй ээ, би одоогийн түвшинд хүрэхийн тулд зарим зүйлийг золиосолсон. Мөн намайг зорилгодоо хүрэхэд гэр бүлийн хүмүүжил маань нөлөөлсөн. Ямар нэгэн нэгэн буруу зүйл хийж байгаагүй болохоор юуг ч өөрчлөхийг хүсэхгүй байна.
-Та 17 настайдаа Голландыг зорьсон. Гэрээсээ хол байж сурсан болохоор амархан хөлөө олсон уу?
-Төрж өссөн газраас минь огт өөр, төсөөлж ч байгаагүй орчин угтсан. +30 хэмийн дулаан газраас хасах градустай газарт ирээд дасан зохицох гэж нэлээн юм болсон. Бэлтгэлийн үеэр хөл, гар, хүзүү, чих, хамар гээд хөлдөөгөөгүй эрхтэн байхгүй. Хэл мэдэхгүй учир хоолоо сонгохоос эхлээд бэрхшээлтэй учрах. Орчиндоо дасах гэж хоёр жил орчим болсон шүү. Харин үзүүлж буй тоглолтдоо сэтгэл хангалуун байлаа.
-Шүтдэг тоглогч гэвэл?
-Хүүхэд байхын Зиког шүтэн биширдэг байлаа. Хожим Марко ван Бастенд дуртай болсон.

-Таныг дэлхийн шилдэг төвийн довтлогчдын нэг болоход нөлөө үзүүлсэн хүнээр хэнийг нэрлэх вэ?
-Хэн нэгнийг онцгойлж хэлэхэд хэцүү. Хэрэгтэй үедээ хэрэгтэй багт тоглож байсан учраас амжилт гаргасан биз. Хувь тавилан намайг “Крузейро”, “ПСВ”, “Барселона”, “Интер”-т тоглоход хүргэсэн гэж боддог.
-Танд тоглож үзэхийг хүсдэг байсан ч амжаагүй баг бий юу?
-Хэзээ нэгэн цагт Английн хөлбөмбөгт хүчээ сорино гэж боддог байлаа. Даанч миний хүссэнээр болоогүй.
-Олон хүн таныг шүтэн биширдэг нь тодорхой. Гэвч “Барселона”-“Реал”, “Интер”-“Милан” зэрэг ривал багт тоглож байсныг тань таашаадаггүй хүн зөндөө бий...
-Бразилийн нэрт зохиолч Нельсон Родригесын хэлснээр бүх зүйлд нэгэн сэтгэлгээгээр хандах шиг утгагүй зүйл байдаггүй. Зарим нэг хүмүүсийн дургүйг хүргэсэн эсэхтээ би хэзээ ч санаа зовж байгаагүй. Олонх миний тоглолтыг үзээд сэтгэл ханаж байсан бол болох нь тэр.

-Та мэргэжлийн хөлбөмбөгчин болоод ганцхан жил ч болоогүй байхдаа ДАШТ-д оролцсон. Зүгээр ч нэг оролцолгүй түрүүлсэн...
-Тоглолтыг нь зурагтаар л хардаг байсан Ромарио, Бебето, Дунга, Раи, Леонардотой бүтэн сарын турш амьдарч, хамтдаа бэлтгэл хийх нь надад сэрүүн зүүдэлж байгаа юм шиг л санагддаг байлаа. Ромарио, Бебето нар бэлтгэл дээр яаж хөдөлж, хуурч, цохиж байгааг маш анхааралтай хардаг байлаа. Энэ бүхэн юутай ч зүйрлэшгүй туршлага болсон.
-"World Cup 2014"-т Бразилийн багийн боломжийг хэрхэн үнэлж байна даа?
-Бид ямар ч амжилтад хүрч чадахаа “Холбоодын цом 2013”-аар нотолсон. Бразилчууд ямар ч тэмцээнд зөвхөн түрүүлэхийн төлөө тоглодог, тэр тусмаа талбай дээрээ хожигдох эрх бидэнд байхгүй.
-Тэгвэл дэлхийн аваргын гол фаворит хаанах байх вэ?
-Дэлхийн чансааг одоо болтол тэргүүлж буй Испани, Германы багийн боломж өндөр.
-Мирослав Клозе ирэх Мундиальд таны рекордыг эвдэж чадах болов уу?
-Түүнд боломж, нөөц байгаа гэдгийг шигшээ багтаа хийж буй тоглолтуудаараа батлан харуулж байна. Хэрвээ Клозе дээд амжилтыг маань шинэчилвэл би хувиасаа түүнд заавал баяр хүргэнэ. Ер нь рекорд гэдэг эвдэхийн төлөө байдаг юм шүү дээ.

-Та Герд Мюллерийн тогтоосон рекордыг 2006 онд эвдсэн. Харин Клозе таны өмнө гишгэж чадвал германчууд хариугаа авах нь дээ?
-Дээд амжилт эргээд Германы талд шилжихийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ ДАШТ-д хамгийн чухал нь багаараа л амжилт гаргах шүү дээ.
-Сүүлчийн асуулт. 20 жилийн өмнөх Роналдод зөвлөгөө өгөх боломж танд гарлаа гэж бодъё. Тэгвэл чухам юуг зөвлөх вэ?
-Би түүнд маш хичээнгүй, сахилга баттай, амбицтай байхыг зөвлөнө.
