

УОК, Засгийн газрын шийдвэрээр энэ сарын 20-нд БНСУ-руу тусгай нислэг үйлдэж, Зүүн Өмнөд Азид байгаа иргэдээ татан авах болон Туркт санхүүгийн хүндрэлд орсон иргэдэд хүнсний тусламж үзүүлэх болсон талаар УОК-ын Шуурхай штабын өчигдрийн /2020.06.15/ мэдээллийн үеэр хэллээ.
ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: "Энэ сард 8 тусгай нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байсан ч эх орондоо ирэх иргэдийн хүсэлтийг үндэслэн тусгаарлах байрны нөөцийг нэмэгдүүлснээр энэ сарын 20-нд Сөүл хот руу тусгай нислэг үйлдэж Зүүн Өмнөд Азид байгаа иргэдээ татан авах боломжтой боллоо. Ингээд энэ сард нийт 9 удаагийн тусгай нислэгээр 2300 орчим иргэнээ татан авна.
Мөн "Хилийн чанадад мөнгө санхүү болон бусад шалтгаанаар хүндрэлтэй байдалд орсон иргэдийн судалгааг тогтмол хийж ирсэн. Туркт байгаа иргэдийн нөхцөл байдал бусад орныхтой харьцуулахад хүнд байна. Тиймээс Истанбул дахь ЕКГ-аар дамжуулан хүнд нөхцөлд орсон иргэдэд хүнсний туслалцаа үзүүлэх ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд 168 өрхийн 580 гаруй иргэнд хүнсний дэлгүүрээс 7-10 хоногийн хүнсээ бэлтгэх карт олгож байгааг" мөн мэдээллээ.
