
Гадуур хийсээд байгаа модны хөвөн буюу улиас тавдугаар сарын дунд үед цэцэглэж эхлэх ба эм улиасны үр нь унгарил хэмээх бүтэн биеэ тойрсон хөвөн нисгүүртэй, үр нь зургадугаар сарын сүүл, долдугаар сарын эхээр боловсордог.
Унгарил 10-20 хоног хийсэж, харшил өвчин үүсгэдэг байна. Учир нь улиасны унгарил гадаргуудаа олон янзын уураг хадгалсан байдаг тул коронавирус удаан хадгалагдаж өвчин тархах шууд нөхцөл бүрдүүлж болно. Унгарил коронавирусээр халдварлаагүй байсан ч гэсэн хүний хамрын салстыг цочроож, найтаахад хүргэдэг тул өвчтэй хүмүүсээс бусад хүмүүст коронавирус тархах магадлалыг нэмэгдүүлэхийг ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, академич Ч.Доржсүрэн хэлж байна. Тэрээр, улиасны унгарилаар коронавирусийн халдвар тархахаас сэргийлэх тухай зөвлөмж гаргаж, мэргэжлийн байгууллагад хүргүүлжээ.
1.ХӨСҮТ, хүмүүсийг хорио цээрэнд байлгаж байгаа байр сууцны ойролцоо болон хотын хөдөлгөөн ихтэй гудамж, талбайд ургаж буй улиас модны цэцгийн бундуу, унгарилаас дээж авч коронавирус байгаа эсэхийг лабораторит шинжлэн тодорхойлох.
2.Коронавирус илэрсэн газрын эм улиасны цэцэг, бундуутай мөчрийг тайрч устгах.
3.Хүүхдийн тоглоомын талбай, төв зам дагуу газрууд, коронавирус илрэх магадлалтай юм уу илрэх эрсдэлтэй газарт улиасны үрлэж буй 1-2 настай залуу мөчрийг хэлбэржүүлж тайрах, эсвэл цэцгийн бундуу задарч байгаа үед унгарил хийсэхээс өмнө даралттай усаар шүршиж унгарилыг унагаж цэвэрлэх.
4.Салхитай, нартай өдөр, улиасны унгарил хийсэх үед ард иргэд амны хаалт, нүдний шил зүүх, малгай, бээлий өмсөх, гутлын улаа ариутгах, гудамж талбайд сэлгүүцэж, зугаалахгүй байх.
5.Улиасны унгарил тархах үед цонх, салхивчинд шумуул, дэлэнчээс хамгаалах нарийн нэхээст тор татаж, байнга чийглэж байх гэжээ.
Эх сурвалж: Шинжлэх ухааны академ
