
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна. /2020.06.18/
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Өчигдөр /2020.06.17/ нийт 363 хүний сорьцонд шинжилгээ хийхэд 359 хүнд коронавирус илрээгүй, харин Алтанбулагийн боомтоор орж ирсэн 20 жолоочид шинжилгээ хийхэд 4 жолоочоос коронавирус илэрлээ. Энэ хүмүүс бүгд Беларус улсын иргэн бөгөөд 33, 36, 40, 59 настай жолооч нар.. Эдгээр жолооч нарыг ХӨСҮТ рүү авчирч байгаа.
Сайн мэдээ: Өнөөдөр ХӨСҮТ-ээс 16 хүн эдгэрч, гарлаа. Эдгээр өвчтөнүүд 18-65 хоног эмчлэгдээд дараагийн шатны тусгаарлалтад шилжлээ. Насны ангиллаар авч үзвэл 19-23 насны 15, 35 настай нэг оюутан байна.
Манай улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 201, эдгэрсэн 127 байна. ХӨСҮТ-д 74 хүн эмчилгээнд байгаагаас 5 хүний биеийн байдал хүндэвтэр байгаа мэдээллийг хүргэлээ.
