-Тэднийг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэж дүгнэв-
УИХ-ын гишүүн, дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ болон хохирогчийн эхнэр Б.Булган нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн, Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчсөн үндэслэлээр НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат тэргүүтэй есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх таван өдрийн турш хэлэлцлээ. Тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал, Ш.Гандансүрэн, Ю.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй хэлэлцсэн хурлын эхний өдрүүдэд улсын яллагч нь яллах дүгнэлтээ уншиж, шүүгдэгч есөн хүний мэдүүлгийг сонсон, тэднээс шүүгч, прокурор, хохирогч болон шүүгдэгчдийн өмгөөлөгч нар хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий асуулт асууснаар өнгөрсөн даваа гаригийн 09.00 цаг хүртэл завсарласан.
Улмаар гурав дахь өдрийн хурлаар эд мөрийн баримт болох, хэвлэлийнхнээс гадна УИХ-ын гишүүдэд үзүүлсэн бичлэг зэргийг шинжлэн судалсан бол, уржигдар эд мөрийн баримтуудаа үргэлжлүүлэн шинжилж, бичгийн нотлох баримтуудыг хэлэлцсэн. Цаашлаад улсын яллагч, өмгөөлөгч нар дүгнэлтээ танилцуулж, хохирогч Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Б.Булган нар шүүгдэгчдийн гэм буруугийн талаар үг хэлсэн юм. Өчигдөр шүүгдэгч нарын эцсийн үгийг сонсож, 12.55 цагт завсарлаад шүүх бүрэлдэхүүн долоон цагийн турш зөвлөлдсөний эцэст дүгнэлтээ танилцууллаа. Ингэхдээ ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат, ТЕГ-ын ахлах мөрдөгч О.Бямбажав, Гүйцэтгэх албаны ажилтан С.Баяр, Ж.Мөнхгал, ШШГЕГ-ын хэлтсийн даргаар ажиллаж байсан, хурандаа Ү.Отгонбаяр, мөн газрын Цагдан хорих ангийн төлөөлөгч Э.Өлзийбаяр нарыг дээрх хэрэгт ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Б.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай гэж дүгнэсэн. ТЕГ-ын ахлах мөрдөгч О.Бархасбадь, Цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат нарыг цагаатгасан юм. Үргэлжлүүлээд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хурлаа шүүх бүрэлдэхүүн хийж, тогтоолоо 23.10 цагт танилцуулав. Ингээд Б.Хурц, Г.Эрдэнэбат, С.Баяр, Ж.Мөнхгал нарт гурав, Ү.Отгонбаяр, О.Бямбажав нарт хоёр, Э.Өлзийбаярт нэг жил хорих оноож, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлээд гэм буруутайд тооцогдсон уг долоон хүний таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор боллоо. Харин О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг шүүх хурлын танхимаас суллав.
Шүүхээс дээрх долоон хүнийг гэм буруутайд тооцсоноор Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг цагаатган суллахад нэг алхам ойртлоо. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээвэл тэднийг суллах гэнэ.
Г.Равжаа