m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.12 07:55
684
Чулуун зам 50 жилийн насжилттай байдаг

“Бишрэлт” зочид буудлын хойд талын 268 метр урт авто замыг боржин чулуугаар шигтгэн хийжээ. Өнгөрсөн жил нийслэлийн Авто замын газар, Ерөнхий төлөвлөгөөний газраас чулуун зам тавих боломжтой 97 байршлыг гаргасан байна. Энэ хүрээнд энэ жил есөн байршилд чулуун зам тавихаар болсны эхний гурван чулуу зам ашиглалтад орсон бол хоёр зам газар чөлөөлтийн улмаас өөр газар хийхээр болжээ. Тэгвэл үлдсэн дөрвөн замд чулуун зам тавих ажил хийгдэж байгаа юм.

“Бишрэлт” зочид буудлын хойд талын зам нь Их тойруугын  гудамж, Лаганы гудамж, Самбуугийн гудамж, Их тойруугийн ам, Анкарагийн гудамжийг хооронд холбож өгч байгаа богино зам юм. Энэхүү замын нээлт өнөөдөр болж, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Авто замын газрын төлөөлөл оролцлоо. Тус замыг тавихад 388 сая төгрөг зарцуулсан бөгөөд зарим хүмүүс асфалтан замаар хоёр дахин өртөг ихтэй тавьж байна гэсэн юм. Үүнд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Асфалтан зам тавихад газар доорх шугам сүлжээг чөлөөлөх гээд асар их өртөг, ажил болно. Харин энэхүү чулуун замын хувьд инженерийн шугам сүлжээ дээр шууд тавих боломжтой. Мөн өвлийн улиралд чулуун зам тавьж болдог гэж байна. Иймд өвлийн улиралд энэ мэт чулуун замыг тавьж, ажлын байр гаргах боломж байна” гэсэн юм.

Түүнчлэн инженерийн шугам сүлжээ эвдэрлээ гэхэд  чулуугаа аван буцаан тавихаас гадна хурд сааруулагч тавих шаардалагүй гэнэ. Мөн боржин чулуугаар хийсэн тул 50 жил ашиглах боломжтой хэмээн тус замын ажлыг гүйцэтгэсэн  “Эко тогтол” компанийнхан хэлж байлаа.