“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” Монгол Улсын хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.2.3, 6.3 дахь заалтыг тус тус үндэслэн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос төр, нийгмийн зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал, түүний гэргий А.И.Цэдэнбал-Филатова нарын нэр төрийг сэргээж, цагаатгуулахаар иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, өргөдөл хүсэлт гаргажээ.
Энэ талаар тус комиссын дарга С.Одонтуяа /2020.08.27/ мэдээлэл хийв.
Тэрээр, Ю.Цэдэнбалын үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд болон судлаач, түүхч эрдэмтэд, төрийн бус байгууллагуудаас Ю.Цэдэнбал агсан болон түүний гэргий Цэдэнбал-Филатова нарыг цагаатгуулах асуудлаар төрийн байгууллага, албан тушаалтанд удаа дараа хандаж байсан хэдий ч албан ёсоор шийдвэрлэгдээгүй өнөөдрийг хүрсэн. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст Ю.Цэдэнбалын үр хүүхэд болон ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас дахин шинээр өргөдөл, хүсэлт ирүүлсэнтэй холбогдуулан шүүхэд хандаж байгаагаа" хэллээ.
Монгол Улсын хөгжил дэвшил, хүүхэд залуучуудын төлөө санаачилж хийсэн ажлуудыг нь үнэлж А.И.Филатовад олгосон төрийн цол, шагналыг БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар хураан авч, хассан зарлигийг хүчингүй болгож буцаан сэргээхгүй, түүнийг нутагтаа амьдрах эрхийг нь хааж, эх орондоо ирэх боломжийг нь хориглосон, гэр бүлийнх нь нэр төр, алдар хүндэд халдаж, гэрийн хорионд оруулсан, эд хөрөнгийг нь хураан авсан зэрэг нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрх, НҮБ-ийн “Олон Улсын Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг олон зүйл заалтаар ноцтой зөрчсөн явдал болж байгааг хэллээ.
2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр УИХ-ын дэд дарга Л.Цогийн захирамжаар хуульч, эрдэмтэн, судлаачдын бүрэлдэхүүн бүхий ажлын хэсгийг байгуулж, “Ю.Цэдэнбалыг улс төрийн талаар цагаатгах бүрэн үндэстэй” хэмээх санал дүгнэлтийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хүргэсэн байдаг байна. Гэвч Ю.Цэдэнбал, түүний гэргий А.И.Цэдэнбал-Филатова нарын нэр төрийг сэргээж, цагаатгасан хууль ёсны шийдвэр өнөөг хүртэл гараагүй байна.
ШУУД ҮЗЭХ: