"Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр" энэ сарын 17-ны өдөр тохиох юм байна. Олон улсад тэмдэглэдэг энэ өдөр нь дэлхий нийтийн анхаарлыг байгаль орчны энэ эмзэг асуудалд хандуулах зорилготой мөн ганд нэрвэгдсэн, цөлжилт идэвхтэй явагдаж байгаа улс, бүс нутагт Цөлжилтийг устгах НҮБ-ын конвенцийг хэрэгжүүлэхийг уриалдаг байна.
Дэлхийн хуурай газрын 40 хувь нь ямар нэгэн байдлаар цөлжилтийн аюулд өртөөд байна. Харин манай орны хувьд цөлжилтийн нэн хүчтэй, хүчтэй зэрэглэлд Увс нуурын хотгор, Их нууруудын хотгор, Нууруудын хөндий, Дундговь, Дорноговийн гандуу хуурай, цөлөрхөг нутгууд ихэвчлэн хамрагдаж байна. Говь, хээрийн бүсийн 145 сумын төв суурин газар элсний нүүдэлд өртөөд байгаа аж.
Эрдэмтдийн судалгаагаар хуурайшил тал хээр, говь цөлийн бүсэд олон жилийн дунджаас 3.2-10 хувь, ойт хээрийн бүс, өндөр уулын бүслүүрт 10-15 хувиар нэмэгджээ. Тал хээр, говийн бүсийн нутагт шороон шуургатай өдрийн тоо 1960 онтой харьцуулахад 3-4 дахин өсч, говь болон Их нууруудын хотгорт жилийн 61-127 өдөр шороон шуургатай байна. Энэ нь элсний нүүлт ихсэх, цөлжилт нэмэгдэх хүчин зүйл болж байгаа гэнэ.
Монгол орны хувьд цөлжилт, газрын доройтлын үндсэн хүчин зүйл нь бэлчээрийн талхлагдал боллоо. Газрын харилцаа, барилга, геодези, зурагзүйн газрын тайлан мэдээнд дурьдсанаар бэлчээрийн даац 32.5 хувиар буюу 16 сая хонин толгойгоор хэтэрчээ. Ямааны тоо огцом өсч, нийт сүргийн 46 хувийг эзлэх болсон нь бэлчээрийн талхагдлын гол шалтгаан нь болдог ажээ.