m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.09.17 00:26
332
БАЯН-ӨЛГИЙ хотын төв талбайд ГУДАМЖНЫ НОМЫН САН ажиллаж байна

Баян-Өлгий аймгийн Б.Гүлнур, Б.Еркекик, С.Асем, Б.Аяулым нарын нэр бүхий оюутнууд сайн дураараа нэгдэж, өчигдрөөс /2020.09.16/Баян-Өлгий хотын төв талбайд гудамжны номын сан ажиллуулж эхэллээ.

Залуучуудын хөгжлийн сарын аян болох "Нэг залуу - Нэг санаачилга"-ын хүрээнд энэхүү үйл ажиллагааг зохион байгуулжээ. Оюутнууд ашиглах боломжгүй хуучин хөргөгчийг засварлан, чимэглэж ном хадгалах хоёр сав хийжээ. Тэнд өөрсдийн болон бусад хүмүүсийн хандивласан номыг байрлуулсан байна. Энэхүү номуудыг төв талбайд амарч, зугаалахаар ирсэн хүн болгон үнэ төлбөргүй уншиж, мэдлэгээ дээшлүүлэх боломжтой.

Тэд гудамжны номын цэгийг цаашид хотын хэд хэдэн газарт нэмж байршуулахаар төлөвлөжээ. Үүнд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Залуучуудад ном унших боломж бүрдүүлэх, ном солилцох, номын ач холбогдлыг сурталчлах зорилготой уг санаачилгыг дэмжиж ном хандивлах боломж хүн бүхэнд нээлттэй гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.

Эх сурвалж: Баян-Өлгий аймаг "Монцамэ" мэдээллийн агентлаг