Монгол Улсын заан Чойндонгийн Адъяатай хийсэн ярилцлагыг хүргэе.
-Та 1934 онд Архангай аймгийн Хотонт суманд төрсөн байх аа? Бага нас, бөх барилдаж эхэлсэн талаараа бидэнд ярьж өгөөч?
-Би 1933 онд Архангай аймгийн Хотонт сумын нутаг Дуган үзүүр гэдэг газар төрсөн юм аа. Миний эцэг малчин байсан. Би долоон нас хүртлээ эцэг, эхийнхээ гар дээр байж байгаад Хотонтын бага сургуульд сурсан. Тэгээд 11-тэй мал дээр гарсан даа. Эхэндээ хонь, үхэр хариулдаг байснаа овоо том болоод адуунд явдаг болсон. Мал маллаж байгаад 20-тойдоо цэрэгт явсан юм. Цэрэгт нэг их удаагүй ээ. Цэргээс халагдаад намын төв хороонд ус зөөдөг ажилтай болсон. Энэ ажлыг гурав, дөрвөн жил хийгээд сүүлд нь засварчин болсон хүн.
Анх 1957 онд улсын наадамд цолгүй бөх барилдаад Ш.Батсуурь аваргад унасан. Хойтон жил нь бас барилдаад Булганы “Тэмээ өргөдөг”-тэй (улсын арслан Б.Жамъяандорж) тунаад ойчсон. “Тэмээ өргөдөг” надаар тавлаад, У.Мижидоржоор зургаа даваад Б.Түвдэндорж гуайд унаж байсан юм. Дараа жил нь С.Оргодол арслангаар тав давж, начин болж байлаа. 40 жилийн ойгоор сайн барилдана гэж тооцсон ч тавын даваанд Дорноговийн Рэнцэндорж гэдэг хүнд ойчсон. 1962 онд манай дарга Дамбий гэдэг хүн “Чи ноднин хоёр сар амраад өөдтэй барилдаагүй. Чамайг энэ жил улсад барилдуулахгүй” гэлээ. Тэгээд хар Гомбосүрэн гэдэг хүнтэй хамт хөдөө явуулчихсан. Наадам болох гээд байдаг. Тэгээд Гомбосүрэн гуайд “Та энд байж бай. Би онгоцоор явж барилдчихаад ирье” гэсэн чинь “Чи бид хоёр тэгж том толгойлж болохгүй. Би Доржбат гуайд хэлээд үзье” гэсэн. Доржбат гуай тэр үед Намын төв хорооны зохион байгуулах хэлтсийн дарга байсан юм. Тэгээд долооны өдөр Архангайгаас гарч, есөнд хот орж байлаа. Тэгж улсын наадамд барилдсан даа. Тавын даваанд Ч.Бээжин аваргыг, дараа нь Д.Дамдинг хаяад долоод Ө.Эрдэнэ-Очиртой тунаж даван заан болсон. Тэр үед би нэг буруу зүйл хийчихсэн юм аа. Наймын даваанд Ж.Чойжилсүрэнд буугаад өгчихсөн нь л буруудсан. “Чи Бээжин, Дамдин, Эрдэнэ-Очирыг хаяж, надад тус хүргэлээ. Одоо би түрүүлэх нь гарцаагүй болчихоод байна. Яахав” гэхээр нь “Намайг ав” гэсэн юм. Тэгээд Чойжилсүрэнд ойчоод өглөө. Тэр үед “Дэгээ” Гончиг гуай “Чи хүнд бууж өгсөн болохоор өөдтэй барилдахгүй ээ. Чи битгий хэл Ш.Батсуурь аварга бууж өгөөд олигтой барилдаагүй юм” гэж билээ. Түүнээс хойш Чойжилсүрэн бид хоёрын хэн нь ч өөдтэй барилдаагүй. Би 17 жил улсад барилдсан байх. Хоёр удаа тав, нэг долоо давсан даа.
-Чойжоо арслан тэр жил түрүүлж чадаагүй байх аа?
-Чадаагүй. Д.Жамцад ойчсон.
-Хэрвээ та үзүүр, түрүүнд үлдсэн бол Жамц арсланг хаях байсан болов уу?
-Мэдэхгүй юм даа. Бид өгөө, аваатай л барилддаг байсан.
-Одоо нэг нэгэндээ бууж өгөөд их мөнгө өгөлцөж, авалцаж байна. Харин та Чойжилсүрэн арсланд унаад юм авсан уу?
-Бидэнд гар цайлгах юм гэж байдаггүй. Зүгээр хоорондоо ярилцаад л барилдчихна. Найраа хийж, мөнгө цаас авдаг чинь биднээс хойших явдал.
-Заан цол авснаасаа хойш шөвгөрч чадаагүй нь бууж өгсөнтэй холбоотой байх даа?
-Би сүүлдээ тээврийн тэрэг барьдаг болсон. Ажил ихтэй болохоор бөх барилдаад, наадам хөөгөөд явах хэцүү болсон. Ажлаа сайн хийхгүй бол төлөвлөгөө биелэхгүй. Иймэрхүү зүйлээс болоод сүүлдээ барилдахаа больсон. Нэг удаа ордонд очиж барилдаад нэгийн даваанд ойчсон чинь хүмүүс орилолдоод, алга ташсан юм. Тэгээд “Давуулж алга ташуулдаг байсан бол одоо унаж алга ташуулдаг боллоо. Ерөөсөө больё” гэж шийдээд гайгүй танагтай байхдаа барилдахаа байсан.
-Ус зөөдөг байсан гэлээ. Тэр талаараа тодруулж өгөөч?
-20 литрийн хоёр лаазаар Төв хорооны дарга нарын усыг зөөнө. Тэр үед байшин цөөтэй, дарга нар дандаа гэрт амьдардаг байлаа. 300-гаад айл байсан байх. Нэг хэсэгт нь өнөөдөр, үлдсэнд нь маргааш ус зөөж өгнө.
-Ингэж ус зөөж байсан нь бяр суухад нөлөөлсөн үү?
-Ус зөөснөөс ч нэг их болоогүй байх аа. Харин адуутай ноцолдож байж жаахан бяр орсон байх.
-Таныг хавирах, хавсрах мэхийг сайн хийдэг байсан гэж сонссон. Таны хавираа бусдынхаас юугаараа онцлог байсан бол?
-Минийх барьцтай, барьцгүй, баруун, зүүнгүй хавсардгаараа онцлогтой. Над шиг хавсарч байгаа хүн одоо алга. Хоёр шуундаа жаахан бяртай байсан юм болов уу, хүнийг ухасхийж шүүрч аваад сэгсэрч хавираад тавьчихад аяндаа ойчоод өгдөг байлаа. Би ер нь гурван мэхтэй байсан. Давхиад орно. Орж чадахгүй бол эргэж гарч ирээд тонгордог. Чадахгүй бол хавирна. Энэ гурван мэхээ хийгээд давбал давна, унавал унана. Ер нь түргэн барилдддаг байж.
-Та Д.Дамдин аваргыг ид үед нь өвдөг шороодуулсан цөөн бөхийн нэг байх аа?
-Дамдин гуай надаас хамаагүй давуу хүн л дээ. Яахав, би хоёр удаа хаяж байсан. Улсын наадамд нэг, биеийн тамирын ордны нээлтээр нэг давсан. Хүчийг нь дагуулж мэх хийж л унагах арга байсан. Улсын наадамд барилдахад Дамдин эрчээрээ давхиад ороод ирэхэд нь алгадаад цохичихсон чинь тэр чигээрээ ойчсон. Ингэж барилдсандаа итгээгүй шүү. Зүүдлээд байна уу гэж бодоод гуяа чимхээд үзсэн чинь өвдөж байна аа. Бас хүмүүс шуугилдаад явчихаар нь давсан юм байна гэдгээ ойлгосон. Дамдин хүрч ирээд намайг үнсээд тахимаа өгөхдөө “Би чамайг хаях гэж авсан болохоос уная гэж бодоогүй. Бээжин, бид хоёрыг хаясан юм чинь заан болоорой” гэсэн. Дамдинг унасан чинь хүмүүс шуугилдаж, алга ташаад, малгайгаа шидлээд бөөн юм болж байна. Тэгсэн чинь Дамдин “Би улсад тав түрүүлсэн хүн дээ. Хүмүүс надад яасан их өшөөтэй юм бэ” гэж билээ. Дамдин гуай их бяртай. Хоёр гарны бяр нөхцөлгүй. Бариад авах л юм бол намайг умайтал базаад хаяна.
-Хоёр Мөнхтэй хэр олон барилдсан бэ?
-Тэр хоёр намайг харих хандсан хойно гарч ирсэн. Гэхдээ тэдэнтэй наадмаар таарч байгаагүй. Миний нэг онцлог гэвэл хүнтэй эвтэй байж, ам мурийдаггүй байсан. Тийм болохоор аварга, арслангууд авдаггүй байлаа. Ер нь онгироо, сагсуу хүмүүст томчууд өширхөөд доогуур даваанд аваад хаячихдаг юм. Манай “Задгай шар” Лхагвадорж гэж бөх байлаа. Тэр хүн гуйж биш, хүчээрээ авна гэж ханхалзсаар байгаад начин ч үгүй хоцорсон. Уг нь бяртай л даа. Гэхдээ онгироо, аархуу. Тэрэнд нь болоод сайчууд аваад хаячихдаг байсан.
-Та ид барилдаж байх үедээ хэр бяртай байсан бэ?
-Би хоёр гартаа шүдлэн адууны бяртай байсан юм болов уу гэж боддог. Ямар ч морийг дэлдэж аваад тонгороод унагаачихдаг байсан. Харин Мөнхбатыг би нас гүйцсэн морины тэнхээтэй бөх байсан гэж боддог. Бид бэлтгэл хийгээд цуг амарч байлаа. Айлын нэг сайхан том бор морь байв. Омголон болохоор надаас өөр хүн унаж чаддаггүй. Гэтэл нэг өдөр Мөнхбат өнөөхийг чинь уначихсан, калибр үүрчихсэн, тарваганд явна гээд гараад ирлээ. “Чи наад морио унаад хэрэггүй. Ааштай байгаа юм” гэсэн чинь “Таны чадаж байгаа морийг би яахаараа чаддаггүй юм” гээд тоосонгүй. Удалгүй хонь хяргаж байсан улсууд “Өнөө бөхчүүдийн морь нь тонгочоод байна” гэлээ. Яваад очтол Мөнхбат өнөө морийг чинь чихдээд авчээ. “Чи яаж унагаасан юм” гэтэл “Нэг том тарвага харагдахаар нь энийг сахья гээд зогссон чинь бусгаад унагаачихлаа. Тэгэхээр нь хүзүүдэж аваад тонгорсон чинь амархан ойчдог юм билээ” гэж байсан. Тэгээд би Мөнхбатыг нас гүйцсэн морины тэнхээтэй хүн юм гэж ойлгосон.
-Таны үед бяр тэнхээтэй өөр ямар бөхчүүд байв?
-Булганы “Тэмээ өргөдөг” Б.Жамъяндорж бяртай. Бас манай Л.Сосорбарам байна. Даанч өөрийнхөө бярыг мэддэггүй. Дандаа өөрийгөө дорд үздэг, тав давчих юмсан гэж явдаг хүн. “Чам шиг арслан тав давах нь байтугай түрүүлнэ гэж явах ёстой” гэхээр “Би түрүүлж чадахгүй ээ” гэнэ. Түүнээсээ болоод ойчдог байсан байх. Харин Мөнхбат “Би түрүүлэхгүй бол өөр хэн түрүүлдэг юм” гээд хамраа шантайлгачихаад явна. “Чи яагаад ингэж онгирч байдаг юм бэ. Жаахан даруухан бай” гэхээр “Ингэхгүй бол цаадуул чинь онгирно. Үгээр үхүүлээд байхаар хүн амархан ойчдог юм” гэж байсан. Тэр үнэн байх аа. У.Мижиддорж бол бяртай, сайн бөх. Даанч Дамдинг даваагүй дээ. Улсын наадамд 19 ойчсон гэж ярьдаг юм. Нэг удаа бөхчүүд айлд дайлуулж хэсэг сууж байтал Мижиддорж би хоёр муудалцлаа. Намайг “Чи Архангайн бөхчүүдийн хамгийн муу нь гэдгээ мэдэж байна уу” гэхээр нь “Тиймээ би мэдэж байна. Гэхдээ чамаас л дээр бөх юм даа” гэсэн. “Улсад олон шөвгөрсөн хүнээс дээр гэдэг чинь юу гэсэн үг вэ. Чи юугаараа надаас дээр юм” гээд л уурлаж байна. “Дарийн Дамдинд чи насаараа ойчсон биз дээ. Харин би Хан-Уулын ард, хатан Туулын хөвөөнд, түмэн амьтан бужигнаж байхад хаяж, зарлуулаад явж байлаа. Чи бол унаж зарлуулаад явж байсан биз дээ” гээд тавьчихсан. Тэгсэн чинь “Үүнтэй хэрэлдэж болохгүй. Их муухай санаатай хүн” гэж билээ.
-Бөхчүүд ид үедээ янз бүрийн хүнд юм өргөж бяр чадлаа шалгадаг. Та бяр амтагдсан үедээ өөрийнхөө чадлыг сорьж байв уу?
-Идэшний үед бүдүүн сувай үнээ гэрийнхээ ойрхон төхөөрчихсөн чинь манай ах “Үүдэндээ шахуу төхөөрчихлөө. Үүнийг холдуул” гэсэн. Тэгэхээр нь хоёр хөлөөс нь чирээд нэлээн хол аваачиж байсан юм. Бас их хурлын нарийн бичгийн дарга Готов гэж хүний идшийг нь авчирсан юм. Тэгээд сувай үнээний мах үүрээд хоёр давхарт гаргачихаж байсан. Манай Ө.Эрдэнэ-Очир мундаг бяртай хүн. Би бярыг нь хоёр удаа үзсэн юм. Бид хоёр Өмнөговьт тээвэрт явж байлаа. Гэтэл замд Зил 164 машины хойд тэнхлэг нь хугарчихлаа. Машинаа чирч айлын гадаа орхичихоод Г.Дэмүүл арслан дээр очсон. Тэгээд хүний хашаанаас урд мос гэж машинд боодог төмөр аваад явсан. Өнөөдхийг чинь авчраад “За Эрдэнэ-Очироо, чи машин доогуур ороод энийг өргөөд өг. Сайндаа л 10 минут болох байх” гэлээ. Эрдэнэ-Очир ч янцаглаж ороод өнөөх мосыг чинь өргөөд дээш хараад хэвтчихсэн. “Жаахан дээш нь түлхэх арга байна уу” гэхээр машины нум гэдийтэл түлхэнэ. Тэр үед л мундаг бяртай юм байна гэж ойлгосон.
Эрдэнэ-Очирын ах нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаанд амьдардаг байсан юм. Нэг өвөл тэднийд очиж, идэш авах гээд явлаа. Ах нь сувай үнээ, бүдүүн хоньтой төхөөрч, хамтад нь ширэнд боогоод тавьчихаж. Нөгөө хөлдүү махыг чинь машин дээр гаргах болоход би дээр нь гараад, Эрдэнэ-Очир доороос өргөж өгсөн. Эрдэнэ-Очир доороос овоо өргөж байна аа. Би дээрээс нь татсан чинь хүчрэх янз алга. Тэгээд Эрдэнэ-Очир гарч ирээд гурван давхар хөлдүү арьсыг хуга татаад машины тэвшин дээр гаргаж байв. Тэгээд би “Тамтаггүй бяртай золиг юм даа” гэж бодсон. Эрдэнэ-Очир хааяа хүнд ойчно л доо. “Яагаад уначихав” гэхээр “Яагаад ч хүчрэхгүй юм байна” гээд инээдэг байж билээ. Заримдаа хажуунаас лүгхийтэл цохиод авна. “Яагаад байгаа юм” гэхээр “Юун сүртэй юм. Зүгээр нударч байхад” гэнэ. Өөрийнхөө бярыг мэддэггүй л хүн байсан даа. Хэрвээ одоогийнх шиг шахааны барьцанд хүрч барилддаг байсан бол Эрдэнэ-Очир олон түрүүлнэ.
-Та ид барилдаж байх үедээ хэдэн кг жинтэй байв?
-97, 98 кг л байсан. Ганцхан жил 100 кг хүрсэн юм. Би 16 жил Краз барьсан л даа. Олон жил хүнд тэрэгтэй ноцолдоод унаган махаа дуусгасан хүн дээ. Юм олохын төлөө 20 тонн ачааг ачиж, буулгах өдөр зөндөө гарна. Бааздаа очоод грушик олдохгүй бол өөрөө ачна шүү дээ. Хөдөөнөс Улаанбаатар руу давс ачна. 100 кг жинтэй 200 гаруй шуудай давсыг үдээс өмнө ачаад гарчихаж байсан л юм.
-Та 80 хүрсэн гэхэд бие тэнхлүүн, ухаан санаа саруул сайхан байна. Биеэ яаж ингэж авч явдгаа сонирхуулаач?
-Би архи, тамхи огт хэрэглэдэггүй байсан. Энэ л гол нь болов уу. Ер нь тэгээд хүнд хүчир ажил хийх биенд сайн юм уу гэж боддог юм. Би хар багаасаа биеийн хүчний ажил хийсэн.
-Бөх хүн улсын наадмын өмнө биеэ яаж бэлдэх ёстой вэ? Идэж уух зүйлдээ хүртэл анхаарах ёстой байх?
-Бөх хүн идэж, уухаасаа их шалтгаална. Их идээд байвал болохгүй. Өөртөө тааруулаад идэх хэрэгтэй. Манай Ж.Мөнхбат улсын наадамд биеэ бэлддэггүй хүн шүү дээ. Унтаад л байна. “Аваргаа, яасан их унтдаг юм бэ. Ногоорчихов” гэхээр “Унтаж байж амардаг болохоос идэж байж амардаггүй юм” гэнэ. Наадмын өдөр Мөнхбат үүргэлээд суучихна. Тэгснээ “Нүд анилдаад байна. Түрүүлэх юм байлгүй” гэж ярьдаг байж билээ.
-Сайхан ярилцсанд баярлалаа.