Ражив Гандийн Нэрэмжит Үйлдвэрлэл урлалын Политехник коллежийн гурван оюутан сургууль дээрээ хутгалуулсан хэрэг гарчээ.
Хэргийг тодруулбал энэ сарын 22-ны өдөр тус коллежийн Авто машин засварын нэгдүгээр дамжааны оюутан 17 настай, эрэгтэй Б нь тогоочийн хоёрдугаар дамжааны оюутан 17 настай Х-г хэвлийн тус газар нь цаасны хутгаар хутгалж, хүнд бэртээсэн байна.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар нэгдүгээр дамжааны оюутан Б охидын бөгснөөс базахыг харсан хоёрдугаар дамжааны оюутан Х "охидод ингэж хандаж болохгүй" гэх шаардлага тавьснаас үүдэн оюутнуудын дунд маргаан үүссэн. Улмаар Б цаасны хутга гаргаж ирэн оюутан Х-ийн хэвлий тус газар хутгалж, бүлэглэн зодож, дахин хутгалахыг завдсан. Тус үйлдлийг таслан зогсоохоор оролдсон оюутан Т болон Б нар толгой болон гартаа зүсүүлж гэмтсэн гэлээ. Хэвлийдээ хутгалуулсан Х одоогоор ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.
Тухайн хэргийг Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа бөгөөд оюутан Б-г насанд хүрээгүй гэсэн үндэслэлээр хичээлд нь явуулж, гадуур байцааж байгаа аж.
Бид энэ хэргийн талаар эргэн мэдээллэх болно.