m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.10.29 01:22
1556
НИЙСЛЭЛ Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 381 жилийн түүхт ой өнөөдөр тохиож байна

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын 381 жилийн түүхт ойн өдөр  өнөөдөр /2020.10.29/ тохиож байна

Улаанбаатар хотын түүх бол монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл, тусгаар тогтносон орны улс төр, эдийн засаг, шашин, соёлын төвийн түүх, монголчуудын бэлгэдэл юм.

Анх 1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Цагаан нуур буюу Ширээт нуур гэх газар шашны тэргүүнээр өндөр гэгээн Занабазарыг өргөмжлөхдөө түүнд зориулан орд өргөөг байгуулсан нь өнөөгийн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын үүсэл болсон гэж үздэг юм. Өргөө нь Монголын шарын шашин, Халх Монголын улстөрийн төв, гадаад, дотоодын худалдааны чухал зангилаа голомт байв. Энэ үеэс Өргөө нь жинхэнэ хот болон дэгжин хөгжих шинэ үедээ оржээ. 

Улаанбаатарын үндэс суурь болсон Хүрээ буюу Өргөөний тухай түүхэн сударт 1649 оноос тэмдэглэж эхэлсэн байдаг. 

Өргөө нэртэй нийслэл хотын нэрийг Номын хүрээ хэмээн өөрчилж, Их Хүрээ суурьшиж хот болон хөгжиж ирсэн явдал түүхэнд үлдсэн.

Их Хүрээ нь 1706-1911 он хүртэл одоогийн Улаанбаатар хотын төв Сэлбэ голын хөндийд төвлөрчээ. 19-р зууны үед Их Хүрээ нь шашны төв төдийгүй худалдаа харилцааны зангилаа, жинхэнэ хот болсон юм. Энэ үед Их Хүрээний хүн ам 15-20 мянга байсан гэж үздэг.

Их Хүрээ хотод Гандан, зүүн Хүрээ, Баруун дамнуурчин, Наймаа, консулын яам, Дамбадаржаа гэсэн газрууд хамрагдаж байв. Их Хүрээ нь 19-р зууны эцэс гэхэд Монгол орны шашин, улстөр, худалдаа, үндэсний болон нийгмийн зөрчил тэмцлийн гол төв байлаа.

1924 оны 10-р сарын 29-нд буюу Ардын хувьсгал ялсны дараа, улсын нийслэл гэдгийг давтан хуульчилж, хотын нэрийг Улаанбаатар болгон өөрчилсөн юм.

1954 онд анх удаа Улаанбаатар хотыг хөгжүүлэх 20 жилийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлж эхэлжээ. 1992 онд баталсан Монгол Улсын шинэ Үндсэн хуульд Монгол Улсын нийслэл нь Улаанбаатар хот мөн хэмээн зааж, нийслэл нь өөрийн туг, бэлгэ тэмдэгтэй болж байв.

Өнөөдөр Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөлтийг боловсруулаад байна.