m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.11.11 15:27
642
5 ХОНОГИЙН ХУГАЦААНД ХӨЛ ХОРИОНЫ ХАТУУ ДЭГЛЭМ ТОГТООЛОО

УОК болон Засгийн газар хуралдаж дуусаад хэвлэл мэдээллийнхэнд нэгдсэн мэдээлэл өглөө. Энэ үеэр 5 хоногийн хугацаанд хөл хорионы хатуу дэглэм тогтоолоо. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмж, монгол улсын эрдэмтэн, салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн зөвлөмжийг үндэслээд гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу Улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг 2020 оны 11-р сарын 12-ны өдрийн 06 цагаас 11-р сарын 17-ны өдрийн 06 цаг дуустал хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжихийн дараагийн арга хэмжээ нь онц байдал юм. Тэгэхээр маргааш өглөө /2020.11.12/ 06 цагаас эхлээд хоёр зэрэглэл рүү орж байна. Өөрөөр хэлбэл 5 өдрийн хугацаатай ХАТУУ хөл хорионы дэглэмд шилжиж байна. 

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг нь Монголд анх удаагаа авагдаж байгаа. Энэ хүрээнд дараах байгууллагууд хэвийн ажиллана. Нэгдүгээрт, хүнсний хангамж хэвийн явах ёстой. Тиймээс хүнсний дэлгүүр, супермаркет, хүнсний зах, шатахуун түгээх станц, хүнсний үйлдвэр, нефть хангамжийн байгууллагууд, эмийн сан, эмнэлэг, худаг, усан хангамж, эрчим хүч, дулааны цахилгаан станц, түлш, дулаан хангамж, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, буяны үйл ажиллагаа, хот хоорондын хүнс тээврийн хөдөлгөөнүүдэд хязгаарлалт хийхгүй. Бусад төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад хязгаарлалт хийхээр боллоо. Тиймээс шаардлагагүй тохиолдолд ард иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг анхаарууллаа. 

Энэ хүрээнд хувийн хэвшлийн байгууллагуудыг гэрээсээ онлайн хэлбэрээр ажиллах нөхцлийг бүрдүүлж өгөхийг уриаллаа. 

Манай улс өнөөдрийг хүртэл зөөвөрлөгдөн орж ирсэн улсуудын тоонд байсан бол өнөөдрөөс эхлээд дотроо алдсан улсуудын тоонд орлоо. Коронавирусийн батлагдсан тохиолдлын ойрын хавьталыг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр 24-48 цагийн дотор олж тогтоох ёстой. Ингээд 24-48 цагийн хугацаанд ажиллаад одоогийн байдлаар 73 ойрын хавьталыг илрүүлээд байна. Ойрын хавьтал гэдэг нь лаборторын батлагдсан тохиолдолтой 1,5 метрээс 2 метрээс дотогш зайд хамгаалах маскгүй уулзаж, харилцсан, 15 минутаас дээш хугацаагаар уулзсан байвал тэр хүнийг ойрын хавьтал гэж үздэг байна. Дээрх 73 хүнийг эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд тусгаарласан байна. Эдгээр хүмүүсээс гадна үзвэр үйлчилгээ гээд дам хавьталаар 2000 гаруй хүн байна. Энэ хүмүүсийн байршлыг тогтоох ажил одоогоор хийгдэж байна. Үүний дараа шинжилгээ өгөх ажлыг хийх юм байна. Эдгээр хүмүүсийн шинжилгээ сөрөг гарна гэдгийг одоогоор хэлэх эрт байгаа учраас дор бүрнээ анхааралтай, болгоомжтой байх хэрэгтэй байна. Дам хавьталын тоо нааш, цаашаа өөрчлөгдөж байна. Учир нь асуумж авах явцад зарим нь нөхцөл байдлаа нуудаг байна. 

Мөн хөдөө хэд хэдэн аймаг руу хавьталд орсон хүмүүс нэвтэрсэн тохиолдол байгаа учраас тухай бүрт нь арга хэмжээ авахаар ажиллаж байгаа гэлээ. 

Мөн 0-12 настай хүүхэдтэй ээжүүдэд цалинтай чөлөө олгох шийдвэр гарчээ. 

Коронавирусийн вирус нь шинэ төрлийн вирус учраас бүрэн батлагдаагүй байгаа гэдгийг хэллээ. 

Нийтийн тээвэр өглөөний 06 цагаас оройн 22 цагийн хооронд ажиллана. Иргэд хувийн машинаараа хүнсний зах явах, шатахуун түгээх станц явахыг үгүйсгэхгүй. Гэхдээ аль болох хөдөлгөөнийг хязгаарлах хяналт тавигдана. Өөрөөр хэлбэл орц, гарц гээд бүхий шатанд өнөө шөнөөс эхлээд цагдаагийн байгууллага ажиллаж эхэлж байна. 

Өнөөдөр Токио чиглэлд тусгай үүргийн онгоц нисгэжээ. Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал 11 сарын 17-ны өглөө дуусах хүртэл бусад тусгай үүргийн онгоцыг түр түдгэлзүүлээд байна. 

Банк санхүүгийн байгууллагын хувьд тодорхой хязгаарлалттайгаар ажиллах зохицуулалтыг хийх юм.