

Бид "Дижитал шилжилт" хэмээх нэн сонирхолтой хувьсал өөрчлөлтийн гэрч болсон цаг үед амьдарч байна. Аж үйлдвэрийн хувьсгал бүр инноваци, технологид суурилж хийгддэг бөгөөд дэлхийн хүн амын огцом өсөлт, тэдний амьдралын чанар, цагийн эрхээр хувьсан өөрчлөгдөх амьдралын шинэ хэв маягт нийцэх бүхий л хэрэгцээг хангах зорилгыг агуулж байдаг. Дэлхий нийтийг хамарсан цар тахал, гамшгийн нөхцөл байдлаас шалтгаалан хөл хорио тогтоож нэлээдгүй хугацааг өнгөрүүлээд байна. Тиймээс дижитал шилжилтэд та болон танай байгууллага хэр бэлэн бэ, цахим орчинг хэр үр дүнтэй ашиглах боломжтой талаар ICT группийн ТУЗ-ийн Дарга Г.Лхамсүрэнтэй ярилцлаа.
Коронавирус гарснаас хойш 10 сарын хугацаанд танай байгууллагын үйл ажиллагаанд ямар өөрчлөлт нөлөө гарсан бэ? Дижитал, цахим орчинг үр дүнтэй ашиглах, ажил амьдралдаа хэрэгжүүлэхийн тухайд ямар арга барилаар ажиллаж байна вэ?
Ковид-19 гарснаар дэлхий нийтэд зайнаас ажиллахад хэр бэлэн байна вэ гэдгийг шалгасан үзэгдэл болж байна. Байгууллагууд технологийн менежмент, хүний нөөцийн бодлого, зайнаас ажиллах менежмент, журам хөтөлбөрөө боловсруулах, цахим орчинд зайлшгүй дасан зохицож ажиллах ирээдүй шаардлага бий болж байгааг монголын аж ахуйн нэгжүүд, байгууллагуудад ойлгуулсан үйл явдал юм.
Дэлхий нийтэд зайнаас ажиллах системүүд хэдийн олон жилийн өмнө бэлэн болсон ч хэрэгжилт хангалтгүй байсан. Харин ковид-19 цар тахлын үр нөлөөгөөр дэлхийн олон бизнесийн байгууллага зайнаас, гэрээсээ ажиллах нөхцөл бололцоо, дижиталаар ажлын байрыг бий болгож нөхөх үйл явцыг маш хурдацтайгаар нэвтрүүллээ. Энэ ч үүднээс монголын компаниудын технологийн дэд бүтэц, аюулгүй байдлын бэлэн байдал, нөхцөл бололцоо бүрдсэн эсэх дээр том шалгуур болсон.
Манай компани онц нөхцөл байдлын үед зайнаас ажиллах бүх нөхцөл бололцоог ажилчдадаа бүрдүүлж өгсөн. Оффис руу хандах эрхийг ажилчиддаа олгож, аюулгүй байдлын тал дээр нэг номерын хэрэгжилт хийж, ажилдаа ирэхгүйгээр гэрээсээ ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэн сар гаруй хугацаанд ажиллаж үзлээ. Бид дижитал шилжилтэд бэлэн бөгөөд үр дүнтэй ажиллаж чадаж байна.
Зайнаас ажиллахад ямар техник технологи шаардлагатай вэ?
Дижижтал ажлын байрыг бүрдүүлэхэд шаардлагатай программ хангамжийн чиглэлээр зарим нэг бүтээгдэхүүн болох видео хэлэлцүүлэг хурал хийх, сургалтын аппликейшнууд, систем программууд зэргийг хөгжүүлсэн. Эдгээр бүтээгдэхүүнүүдийг ашиглан зайнаас ажиллах, сурч хөдөлмөрлөх нөхцөл бололцоон дээр тулгуурласан технологийн шийдлүүдийг бий болгож өөрсдийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байна. Мөн бүтээгдэхүүнээ бусад аж ахуйн нэгжүүдэд санал болгосноор онлайн хурлын системийг олон байгууллага ашиглаж байгаа.
Энэ мэтчилэн цар тахлын үр нөлөөгөөр Монголын олон компани зайнаас ажиллах, онлайн хурал, сургалтын менежментийн системийг туршиж үзэж, шинэ сэдэл авсан давуу талууд гарч ирж байна.
Зөвхөн цар тахлын үед зайнаас ажиллахаас гадна байнгын хэв маягаа болгохын давуу тал байгаа болов уу?
Ковид-19 тийм ч амархан алга болохгүй, тодорхой цаг хугацаа шаардагдана. Тиймээс бид нөхцөл байдалтайгаа маш хурдан дасан зохицох, хэвийн үйл ажиллагаандаа очихыг эрмэлзэх хэрэгтэй. Энэ бол дэлхий нийтийн асуудал.
Монголын аж ахуйн нэгжүүд байгууллагынхаа дотоод бүтэц, хүний нөөцийн бодлого, журам, ажилтан ажиллагсдын хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий болсон.
Өөрөөр хэлбэл, хэвийн хэмжээнд үйл ажиллагаа явуулахын тулд дижитал ажлын байрны бизнесийн дэд бүтцийг ашиглах хэрэгтэй гэсэн үг юм.
Яг одооноос та болон танай байгууллага цар тахлаас гадна ирээдүйд учирч болох гэнэтийн нөхцөл байдалд хэр бэлэн байгаагаа шалгаж үзээрэй. Үйл ажиллагаагаа хэвийн явуулахад ямар ямар программ хангамж, дэд бүтэц, техник технологи хэрэгтэйг судалж мэдэх, урьдчилсан байдлаар гаргах, онц байдлын төлөвлөгөөг хийх шаардлагатай.
Ажилчдын хувьд гэрээсээ ажиллах нь ажлын бүтээмжид хэр нөлөөлж байна вэ?
Тухайн бизнесийн чиглэл болон салбараас их хамаарна. Манайх шиг технологийн компанийн хувьд асуудалтай зүйл биш. Мэдээж давуу болон сул тал гарна. Тэдгээрийг хоорондоо ярилцаж шийдээд сайжруулаад явж байна. Гэрээсээ ажиллах нь ажилчдын хариуцлага нэмэгдэх, өдөр тутмын илүү зардал багасах, цаг хэмнэх гээд олон давуу талтай.
Бид бүх зүйлийг гаднын эх сурвалжуудаас жишээ аваад байж болохгүй. Microsoft, Dell зэрэг компаниуд гэрээсээ ажиллах нөхцөл бололцоог ингэж ингэж бүрдүүлсэн гээд л яриад байдаг. Гэтэл тухайн улс орны амьдралын хэв маяг, эдийн засгийн хэм хэмжүүрээс шалтгаалаад янз бүр. АНУ-д гэрээсээ ажиллахад дор хаяж 3 өрөө байртай байдаг ч юм уу, хүүхдүүд нь ажил хийхэд садаа болохгүй гэх зэрэг нөхцөлтэй. Манайд бол өөр. Дундаж амьдралтай хүмүүс 1-2 өрөө байранд амьдардаг гэж үзвэл тухайн хүний ажлын байрны орчин, тав тух дэд бүтцийн холболтын асуудал үүсэхийг үгүйсгэх аргагүй. Тиймээс бид шууд өндөр хөгжилтэй орнуудтай жишихгүйгээр өөрсдийнхөө нөхцөл байдлын хэмжээнд тулгуурлаж зайнаас ажиллах журам зэргийг гаргах хэрэгтэй.
Монголчууд дижитал шилжилтэд хэр бэлэн бол?
Манайд дижитал шилжилт, зайнаас ажиллах боломж сайн бүрдсэн гэж хардаг. Гагцхүү массаараа зайнаас ажиллах нөхцөлийг бий болгох, дижитал бизнес платформд нэгдэн орох гэдэг нь нэг байгууллагын асуудал биш нийгмийн асуудал юм. Нийгэм хэр бэлэн байна вэ. Үүнд ёс суртахуун, хичээл зүтгэл, ажиллагсад болон менежментийн давуу, сул тал зэргээс ихээхэн хамаарна. Зарим салбарт нэвтрэхэд бүрэн бололцоотой. Заримд нь хараахан болоогүй. Гэвч цар тахал, гамшиг бол зайлшгүй бий болж байгаа байгалийн үзэгдэл. Үүнийг бид сөрж чадахгүй учраас дасан зохицож, өөрсдийн амьдралын хэв маягтаа нэвтрүүлэх, хэвийн амьдрал руугаа хэрхэн хурдан шилжиж орох талаарх тактиктай байх нь хамгийн зөв шийдэл.
Агаарын болон авто тээврийн хилийн боомтууд олон сар хаалттай байгаа. Энэ нь ямар нэгэн бизнесийн уулзалт, ажил хэрэг явуулах зэрэгт нөлөөлж байгаа байх?
Өмнө нь хүмүүс заавал биеэр очиж үзэх шаардлагатай гэж ойлгож ирсэн. Төрийн байгууллага, хувийн хэвшлүүд туршлага судлах, биеэр үзэж танилцах зэргээр гадагшаа бизнес аялал хийх нь их байсан. Харин одоо бүх зүйлийг онлайнаар хийж болж байна. Онлайнаар хуралд оролцож, үзэсгэлэн үзэж, семнар, уулзалт хийх, тэр ч бүү хэл гадаадын их дээд сургуульд сурч болж байна. Заавал үнэтэй зардлаар судалгааны ажил хийх шаардлагагүй, интернет дээр тулгуурлан янз бүрийн бараа бүтээгдэхүүнтэй 3D, virtual-аар танилцах маш олон боломж гарч ирсэн.
Хил гааль хаалттай байх нь бизнесийн хувьд хохиролтой боловч нөгөө талаар бидэнд энэ мэт давуу талууд байгааг олж харах хэрэгтэй. Бүх гэрээ хэлцэл, контрактийг онлайнаар хийж болно. Байгууллагын түвшинд нэлээн олон сайн кэйсүүд гарч ирсэн. Энэ нь зардал мөнгө, менежментийн хувьд нэлээн том дэмжлэг болох төдийгүй маш том хувьслыг авчрах байх.
Аливаа зүйл нэг талдаа хэцүү саад бэрхшээлтэй боловч нөгөө талдаа боломжийг бий болгож байдаг. Дэлхий нийтэд тулгарсан аюулт өвчин хүн төрөлхтөнд дараагийн алхам юу вэ гэдгийг хамгийн зөвөөр тодорхойлж өглөө. Тиймээс нийтээрээ дижитал шилжилт, дижитал үйл ажиллагаа, бизнесийн загварыг тусгаж ашигтайгаар ашиглах хэрэгтэй.
Дижитал шилжилт нь монгол улсын 3.2 сая хүн бүрт хамаатай зүйл. Дижиталаар сурч боловсрох, бизнес үйл ажиллагаагаа явуулах, дижиталаар төрийн үйлчилгээгээ авах, дижиталаар хурал цуглаан танилцуулах бүх бололцоог суралцах, нэвтрүүлэх шаардлагатай.
ICT групп боловсрол, эрүүл мэндийн салбарын нэлээдгүй байгууллагат цахим шилжилтийн ажлуудыг хийсэн. Энэ дундаас боловсролын байгууллагат цахим шилжилтийг оновчтой ашиглаж байгаа арга барилаасаа хуваалцаач?
ICT групп нь боловсрол, эрүүл мэнд, санхүүгийн секторт үйл ажиллагаа явуулдаг. Бидний голчлон анхаарах хоёр сектор бол яах аргагүй эрүүл мэнд, боловсролын салбар. Эрүүл мэндэд блокчейн клауд, хиймэл оюун ухаан зэрэг орон зайн мэдээллийн систем ашиглаж эрүүл мэндийн томоохон дэд бүтэц бүтээж байгаа. Энэ суурь технологуудаа ашиглаад боловсролын салбарт зайнаас сургах, ЕБ-ын сургалтын системд технологийн дэвшлийг маш олон янзаар ашиглах ажлыг олон жилийн өмнөөс хийж эхэлсэн. Үүний хамгийн тод жишээ нь элсэлтийн ерөнхий шалгалтын шууд засалтын систем. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол улсын ЕБШ-ыг шууд засалтын системээр маш амжилттай орон даяар нэгэн зэрэг явуулсан.
Мөн гурван жилийн хугацаанд ЕБ-ын 23 дугаар сургууль дээр онлайн ерөнхий боловсролын системийг бүтээж бүрэн нэвтэрүүлсэн. Жишиг 23-р сургууль маань өнгөрсөн жил хамгийн сайн өсөлттэй ЕБ-ын сургуулиар шалгарсан нь манай систем хэрхэн сайн ажиллаж байгаа, бидний бий болгосон контент болон боловсролын дэд бүтэц ямар шатанд явж буйг харуулж байгаа байх. Ковид-19-ийн үеийн хугацаанд 23-р сургууль бусад сургуулиас сурагчдын идэвх илүү сайн, сургалтын менежмент, сургалтын албаны бүтэц зохион байгуулалт сайн ажилласан. Тиймээс ч Их хурлын байнгын хороо дараагийн шатны онлайн сургалтын суурь систем гэж үнэлж зарим нэг дүүргийн сургуулиудад нэвтрүүлэх санал хүсэлт тавьсан. Эхний ээлжинд СХД-ийн Ирээдүй цогцолборт нэвтрүүлэхээр ажил эхлээд байна. Мөн Эрдэнэт, Архангай аймгуудад онлайн систем, бүтээгдэхүүнээ суурилуулах, нэвтрүүлэх ажил эхлэх гэж байгаа.
Боловсролын салбар бол хүн төрөлхтний хоёрдугаар хэрэгцээ. Хүн эрүүл байснаар боловсрол эзэмшинэ, боловсролтой болсноор баялаг бүтээх зэрэг дараагийн хэрэгцээ яригдах ёстой.
Тиймээс ICT группийн зүгээс боловсролын салбарт хийсэн инноваци технологоо монголын олон сургуульд нэвтрүүлж эцэг эхчүүд, сурагч, багшийн эргэх холбоог сайжруулж, үр хүүхдээ юу сурч байгааг, ямар хичээлдээ сонирхолтой, яаж сурдаг, хэрхэн дүгнэж байна, тухайн хүүхдийн зан чанар ирээдүйн төлөвшилд энэ нь хэрхэн нөлөөлж болохыг хянах бүрэн бололцоотой болгосон. Сургуулийн менежментийн зүгээс багш, сурагчдын бүтээмж, эцэг эхчүүдийн идэвх чиг хандлагыг тодорхойлох, хянах, дата анализ болон сургалтын зарим тайлан, төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжийг хангаж өгсөн нь Монголын боловсролд хувьсал авчрах болов уу.
Монголын 3.2 сая хүн бүгд цахим шилжилтэд бэлэн байх, оролцох хэрэгтэй гэж та хэллээ. Бэлэн байдлыг хангахад хэн сургаж, зааварлах вэ?
Монголчууд гар утас, интернет хэрэглээгээр хүн амтайгаа харьцуулахад дэлхийд нэлээн дээгүүрт орж байгаа. Манай ард түмний онцлог бий. Юмыг маш энгийнээр түргэн сурдаг. Дижитал, цахим гэхээр өөрсдөөсөө маш хол юм шиг ойлгож магадгүй ч бидний дунд аль хэдийн хэрэглэгдэхүүн болчихсон, амьдралдаа нэвтрүүлээд хэрэглээд сурчихсан зүйл шүү дээ. Жишээлвэл, ТҮЦ машинаас лавлагаа авах, онлайн банкаар шилжүүлэг, төлбөр тооцоо хийгээд нэлээн олон жилийн нүүр үзчихлээ. Энэ нь төрийн үйлчилгээ, цахим эрүүл мэнд, цахим боловсролыг өөрийн амьдрал, хэв маягт тусгахад тийм ч саад бэрхшээлтэй зүйл биш гэдгийг харуулж байна. Мэдээж массыг хамрах тал дээр бид анхаарах ёстой. Үүнд интернет, дата, зарим нэг төрийн үйлчилгээ, боловсролын үйлчилгээг үнэгүй болгох, хүн бүрийг ухаалаг утсаар хангаж чаддаггүй юм гэхэд тухайн дэд бүтцээр хангах, заавал гэртээ хэрэглэх биш, өөрийн амьдардаг хороо, дүүрэг гэх мэт хүрч болох цэг дээрээсээ цахим үйлчилгээг авах дэд бүтцүүдийг бий болгох хэрэгцээ бий. Арга барил өөрчлөгдөж байгаа болохоос шинэ зүйл бий болгох гэсэн юм биш. Та 21-р зууны иргэн л бол заавал цахим ID-тай, цахим үнэмлэх, цахим нэвтрэх хаяг нууц үгтэй байх ёстой.
ШУУД ҮЗЭХ:
ЭХ СУРВАЛЖ: ТУСГАЛ.МН
