

Улсын Их Хурлын өчигдрийн /2020.11.19/ өдрийн нэгдсэн хуралдаанаар “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар УИХ-ын гишүүд цахимаар хуралдсан. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн эрүүл мэндийн салбарт тандалт судалгааны багийг нэмж, хувийн хэвшлийн лабораториудыг дайчлах хэрэгтэй талаар хэллээ.
Тэрээр “Монгол Улс цар тахлын бай болчихлоо. Арванхоёрдугаар сарын 1-н хүртэл халдвар авсан хүмүүсээ ялгаж, анхаарлаа хандуулах нь зүйтэй. Үүнтэй холбоотойгоор тандалт судалгааг сайжруулах шаардлагатай. Ихэнх хүмүүс шинж тэмдэггүй явдаг учраас өвтэй хүмүүсээ ялгах нь чухал. Тандалт судалгааны багийг нэмэх хэрэгтэй. Хувийн хэвшлийн лабораториудыг дайчлах хэрэгтэй. Иргэдийг гэрт нь байлгаж байгаа учраас шуудан хүргэлтийг зогсоож болохгүй” гэдгийг хэллээ.
Харин тандалт судалгааны багийг нэмэх асуудлаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ: “Хүч хүрэхгүй бол цаашид тандалтын багийг нэмэгдүүлнэ. Улсын хэмжээнд 36 PCR лаборатори байгаа. Үүнээс 10 орчим нь улсын эмнэлгүүдэд байгаа. Өнөөдрийн байдлаар PCR лабораториуд бүрэн хүчин чадлаараа ажиллаж, голомтлон гарсан халдварын чухал хэсгийн тандалтын ажил явагдаж байгаа" гэдгийг хэллээ.
