m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2020.11.21 05:47
1207
Хаан банк: Зээлдэгч зээлээ хойшлуулах хүсэлт гаргаагүй тохиолдолд гэрээний дагуу шууд төлбөрөө татан авч байгаа

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед Засгийн газраас ипотекийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг ирэх оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатай хойшлуулах шийдвэрийг гаргасан. 

Энэ дагуу арилжааны банкуудтай холбогдож зээлийн хүүг хэрхэн хойшлуулж байгаа талаар тодрууллаа. 

Капитрон, Голомт: "Зөвхөн ипотекийн зээлийг хойшлуулах хүсэлтийг цахимаар хүлээн авч байна. Бусад төрлийн зээлийн хугацааг хойшлуулах чиглэл одоогоор ирээгүй учраас ипотекийн зээлээс өөр төрлийн зээлийг хойшлуулах хүсэлт авахгүй байгаа" гэсэн юм.  

Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банк: "Бүх төрлийн зээлийн хүсэлтийг хойшлуулах хүсэлт авч байгаа. Зээл хойшлуулах хүсэлтийг эдийн засагчид хянаж үзээд хойшлуулах эсэхээ эргэн утсаар мэдэгдэж гэрээ хийснээр дараагаар хойшлуулах хүсэлт баталгаажна. Хэрэв хүсэлт баталгаажаагүй тохиолдолд зээлийн дансанд мөнгөн гүйлгээ орж ирвэл татан авах хэлбэрээр зохицуулалт явагдана. Ерөнхийдөө энэ сарынхаа зээлийн төлбөрийг төлсөн нь дээр" гэв. 

Хаан банк: "Манай банк тэтгэврийн зээлээс бусад бүх төрлийн зээлэнд 6 сараар хойшлуулах хүсэлтийг цахимаар авч байгаа. Хэрэв хүсэлт гаргаагүй тохиолдолд зээлдэгчийн дансанд орж ирсэн мөнгөн дүнг гэрээнд заасан ёсоор шууд татах хэлбэрээр зохицуулалтыг хийж байгаа" гэлээ.

Тиймээс доорх зээлдэгчийн хүүхдийн мөнгө нь шууд зээлийн төлбөрт татагдсан гэх тайлбарыг өгч байна. Тиймээс ямар нэгэн зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлтэй бол цахимаар хандаж баталгаажуулсны дараагаар дансанд орж ирсэн гүйлгээ зээлийн төлбөрт татагдахгүй гэнэ.