УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 2021 оны төсөвт тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ дахь МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн бол АН-ын бүлэг дэмжинэ гэсэн байр суурьтай байлаа. Ингээд 2021 оны төсөвт тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн авахыг дэмжсэнгүй.
МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга дараах байдлаар 2021 оны төсөвт бүхэлд нь хориог тавьсан байжээ.
2021 оны улсын төсөв нь цаг үеийн шаардлагад нийцээгүй төдийгүй, төсвийн урсгал ба хөрөнгө оруулалтын зардалд хатуу шалгуурыг тогтоон, үрэлгэн байдлыг бүрэн халж чадаагүй, улсын болон дэлхийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг олон талаас нь бодитойгоор дүгнэж, төсвийн бодлогод тусгаагүй байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүд ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад амин чухлаар хүлээгдэж байгаа вакцины тухай мэдсээр байж гарсан даруйд нь худалдаж авах хөрөнгийг төсөвт тусгалгүй, гадны зээл тусламжаар шийдвэрлэнэ гэсэн хоосон мөрөөдөлд хөтлөгдөн, улсын төсвийн бодлогод хүйтэн хөндий, сэтгэлгүй хандсан нь дэндүү хариуцлагагүй үйлдэл мөн гэжээ.
Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны улсын төсөвт дараах бодлогын хүрээнд зохих өөрчлөлтүүдийг хийх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна:
1. Төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан эрсдэлийн сан байгуулах,
2. Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглан нэн даруй хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг /ваучер/-ээр олгох,
3. Төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг коронавируст халдварын эсрэг вакцин худалдан авахад зарцуулж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах,
4. Үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөө гаргах, үүний хүрээнд жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон өдрийн орлоготой, түүгээрээ амьдардаг үсчин, оёдолчин, дархан, мужаан, такси зэрэг ажил, үйлчилгээ эрхэлдэг иргэдийг онцгой анхаарч тэдэнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх гэсэн байна.