Налайх дүүргийн Эрдмийн Оргил цогцолбор сургуулийн 8 дугаар ангийн сурагч Х.Энхжин хөл хорионы цагийг теле хичээлээ үзэж өнгөрөөхийн зэрэгцээ цар тахлын үед өндөржүүлсэн нөхцөл байдалд ажиллаж байгаа ах, эгч нартаа талархлаа илэрхийлж, урам зориг өгөх үүднээс Нийслэлийн "Хангарьд" сүлдийг урласан байна.
Тэрбээр өнөөдөр дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Ч.Раднаабазарт өөрийн урласан бүтээлээ гардуулан өгч, онцгой нөхцөл байдалтай байгаа энэ цаг үед бидний төлөө ажиллаж байгаа бүх ах, эгч нарт талархаж байгааг минь дамжуулаарай гэв.
Дүүргийн Засаг даргын зүгээс Онцгой комиссын гишүүдийн нэрийн өмнөөс Х.Энхжин охинд талархлаа илэрхийлээд, цаг сайхан болсон үед дүүргийнхээ логог захиалга өгч хийлгүүлэн, дэмжихээ илэрхийлээд амжилт хүслээ.
Х.Энхжин нь ангийнхаа 4 сурагчийн хамт сайн үйлсийн бүлэг байгуулсан бөгөөд тэд сийлбэр хийх, зураг зурах зэргээр өөрсдийгөө хөгжүүлж улмаар алслагдсан сургууль, хүүхдийн эмнэлэг, цэцэрлэгүүдэд үнэ төлбөргүйгээр ханын чимэглэл хийж зураг зурж өгөх зэрэг сайн үйлсийн аяныг өөрсдөө санаачлан зохион байгуулж идэвхийлэн оролцдог байна.