Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих зорилготой “Жинхэнэ ждү” буланд “Алиман сар” ХХК-ийн захирал Н.Дулмааг урьж, ярилцлаа. Тус компани нь ЖДҮХС-гаас зээл авч үйл ажиллагаа эхлүүлж өнөөдрийг хүртэл амжилттай яваа компани юм. Хэдийгээр цар тахлын үед зарим газрууд хаалгаа барьж, зарим нь хүнээ цомхотгон цөөлж байгаа ч "Алиман сар" ХХК нэг ч ажилтнаа цомхотголгүй үйл ажиллагаа хэвийн явуулж байна. Цаашдаа ч хүнээ цомхотгохгүй байх чиглэл барина гэдгээ тус компанийн захирал Н.Дулмаа хэлж байлаа. Ингээд түүнтэй цөөн хором ярилцав.
-“Алиман сар” үйлдвэр хэдэн онд байгуулагдаж байсан бэ?
-Манайх 2012 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Бид 10 гаруй нэр төрлийн гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Манай үйлдвэрийн онцлог бүтээгдэхүүн бол бүхэл үрийн бор гурилаар хийсэн талх, нарийн боов байдаг.
-Танайх хэчнээн ажилтантай вэ. Цар тахлын дэгдэлттэй холбоотой хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд үйл ажиллагаа явуулах боломжтой байна уу?
-Цар тахал дэгдэж хөл хорио тогтоосон ч гэсэн манайх ажлын байрыг цөөлөөгүй. Ажлын байрыг бүрэн хадгалаж үлдэхийн тулд маш их хичээж байна. Манайх одоогоор үндсэн болон гэрээт 20 ажилтантай. Хөл хорио тогтоохоос өмнө ч эдгээр хүмүүс ажиллаж байсан. Харин ажиллах цагийн хуваарийг богиносгосон.
-Анх үйлдвэрээ нээж байсан түүхээсээ хуваалцвал. Шинэ бизнес эхлүүлэхэд хүндрэл учирч байсан байх. Тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?
-Хүнс үйлвэрлэгчдийг тухайн салбар маш хичээнгүй, тууштай байхыг шаарддаг. Анх үйл ажиллагаагаа эхлүүлэх үед мэргэжлийн боловсон хүчин дутмаг, өөрсдийн брэнд бүтээгдэхүүн танигдаагүй зэрэг асуудлууд байсан. Мөн тухайн үед санхүүгийн хямд эх үүсвэрийг бий болгохо гээд асуудлууд үүсч байлаа. Гэвч бид арилжааны банкнаас зээл авч, ажилчдыг сургах тасралтгүй хөгжүүлэлт хийх менежмэнтийг маш сайн боловсруулсан. Тиймээс цаг хугацаа өнгөрөх тусам тулгарсан асуудлуудыг өөрсдийнхөө хэмжээнд шийдвэрлэж, үйл ажиллагаагаа өнөөдрийг хүртэл явуулсаар байна.
- “Алиман сар” гэдэг нэр ямар утгатай вэ. Яагаад үйлдвэрээ ингэж нэрлэсэн бэ?
-Шинийн хоёрны сарыг бэлгэдэж үргэлж дүүрэн байхыг ерөөж үйлдвэрээ “Алиман сар” гэж нэрлэсэн.
-Танайхтай адилхан үйлдвэрлэл эрхэлдэг маш олон газар байдаг. Тэдгээрээс танай үйлдвэрийн ялгарах онцлог юу вэ. Зах зээлийн өрсөлдөөн үргэлж бий болдог болов уу?
-Нөлөө бүхий салбаруудтай харьцуулахад хүнсний үйлдвэрлэл жижиг сонсогдох боловч өрсөлдөөн үргэлж бий. Үйлдвэрлэгч бүхэн хэрэглэгчдэд танигдсан өөрсдийн онцлог брэндтэй байдаг. Манай бүтээгдэхүүний хувьд амт чанарын ямарч доголдол гаргадаггүй нь хэрэглэгчдээс өндөр үнэлэмж авдаг. Бид хүнсний нэмэлт болох хугацаа уртасгагч, өнгө, амт, үнэр оруулагч хэрэглэхээс татгалздаг. Харин үндсэн түүхий эдийг томоохон гэрээт байгууллагуудаас авч ашиглахыг хичээдэг. Тиймээс бид найман жилийн хугацаанд өөрсдийн хэрэглэгчдэд амт, өнгө үзэмжийн таашаалыг өгч өөрсдөө урам авч ажиллаж байна. Бид сүүлийн жилүүдэд сахар, транс тос ашиглахгүйгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэж хичээж байна. Одоогоор хэрэглэгчдийн хамгийн сайн мэддэг эрэлттэй бүтээгдэхүүнүүд бол бүхэл үрийн еэвэн, овьёостой жигнэмэг, монгол шар тостой хэвийн боов байна.
-Бүтээгдэхүүний борлуулалт менежмэнтийг хэрхэн хийдэг вэ?
-Манай борлуулалтын дийлэнх хувийг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг томоохон сүлжээ дэлгүүрүүд болох Имарт, Номин, Сансар, EFES зэрэг газрууд хийдэг. Мөн гэр хороолол, орон сууцны дунд байх хүнсний дэлгүүрүүд хэрэглэгчдэд хүргэнэ. Бид зах, худалдааны төв гээд боломжит бүх газарт бүтээгдэхүүнээ хүргэхийг зорьдог. Гэвч ажиллах хүч дутмаг байгаагаас болж санаснаар болдоггүй. Хүнсний үйлвэрлэл эрхлэгчдэд мэргэжлийн ажиллах хүч, тогтвортой хүний нөөц хамгийн их дутагдаж байна. Үүнээс болж бүтээгдэхүүнийг хангалттай үйлдвэрлэж чаддаггүй. Одоогоор хөл хорио тогтоосон байгаа учраас худалдан авалт багассан. Гэвч томоохон цөөн тооны харилцагчидтай борлуултаа хийж байна.
-Хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг хамгийн чухал зүйлсийн нэг нь тоног төхөөрөмж байдаг байх. Тоног төхөөрөмжийг ашиглах хугацаа гэж заасан байдаг уу. Танайх наймн жилийн хугацаанд шинэ технологи нэвтрүүлсэн үү?
-Манайх 2016 онд тоног төхөөрмжөө шинэчлэж байсан. Жижиг, дунд үйлдвэрийн газарт 2019 онд үйлдвэрлэл өргөжүүлэх, шинэ брэнд гаргах төсөл бичиж өгч байсан. Төсөл шалгарч зээлд хамрагдсан. Хамрагдсан зорилго нь үйлдвэрийн технологийг шинэчлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх байсан учраас бүхэл үрийн жигнэмэг үйлдвэрлэх шугмыг оруулж ирсэн. Төхөөрөмжийг оруулж ирсэн ч хил хаасантай холбоотойгоор хэвийн ажиллагаанд оруулах мэргэжлийн хүн ирээгүй байна. Тиймээс одоогоор бүрэн ашиглаж чадаагүй байгаа.
-Та сая Жижиг, дунд үйлдвэрлэлийн газрын зээлд хамрагдсан тухайгаа ярьлаа. Ихэнх хүмүүс хамрагдаж чаддаггүй хэмээн шүүмжилдэг. Ямар шаардлагуудын хангасан газар зээлд хамрагддаг юм бэ?
-Би энэ салбарт ажиллаад 20 гаруй жилийн хугацаа өнгөрлөө. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих салбарын хууль 2019 онд батлагдсан. Энэ хууль нь бидний амьдралд маш ойрхон болсон мэт санагдаж байгаа. Учир нь шинэ хууль батлагдсанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийн сангаас зээл олгох талаарх мэдээлэл маш нээлттэй болсон. Жишээлбэл, зээл хэзээ, ямар хугацаанд зарлагдах нь тодорхой, бизнес эрхлэгчдэд хүрч чадаж байгаа. Өмнө нь бид нарт ямар ч мэдээлэл байдаггүй байлаа. Зээлд хамрагдсан туршлагаасаа хуваалцвал мэдээлэлтэй маш ойр байсан, төслөө өөрөө бичиж оролцсон. Мөн шалгаруулалт нь шууд, лайв хэлбэрээр ил тод явагддаг учраас төслийн слайдуудыг маш сайн боловсруулсан байсан. Жижиг, дунд үйлдвэрлэлийн газрын мэргэжилтнүүд манай үйлдвэрт ирж нөхцөл байдалтай танилцаж, бодит байдлыг дүгнэсэн байдаг. 2020-2021 оны төслийн шалгаруулалт мөн нээлттэй болсон ч санхүүжилт нь маш бага байсан нь анзаарагдсан.
-Санхүүгийн асуудлыг зээл, тусламжаар шийдвэрлэж болоод байна. Тэгвэл татвар, хүний нөөцтэй холбоотой асуудлууд мөн үүсдэг мэт санагдлаа?
-Миний хувьд бизнес эрхлэхэд маш олон асуудал тулгардагийг ойлгодог. Тиймээс асуудлыг гаднаас хайхаас илүү дотроо шийдэхийг эрмэлзддэг. Энэ нь алдаа, буруу бүхнийг төр засаг руу чихэхийн оронд дотоод менежментийг маш сайн хийх нь илүү өгөөжтэй гэж боддог. Хамгийн чухал асуудал нь хямд санхүүгийн эх үүсвэр юм. Жижиг, дунд үйлдвэрийн газраас олгож байгаа хүү багатай, урт хугацааны зээл үйл ажиллагаа явууулахад түлхэц болно. Гэвч НӨАТ-ийн өндөр татвар хэт ачаалал өгдөг. НӨАТ-ын 10 хувийн татвар харьцангуй шударга бус юм. Багасгаж таван хувь болгох хэрэгтэй. Энэ татварыг сууриараа төлдөггүй мэт харагддаг. Томоохон зах, худалдааны төв, техникийн захууд одоо хүртэл НӨАТ төлөгч болоогүй байдаг юм билээ. Мөн мэргэжлийн ажиллах хүчийг улсаас бэлтгэх хэрэгтэй байна. МСҮТ-л оюутнуудыг бэлтгэхийн тулд тэтгэмж өгдөг ч тэдгээр оюутнууд сургуулиа төгсөөд үйлдвэрт ирж ажиллах нь маш ховор байдаг. Ажиллах хүч бэлтгэх боловсролын системд анхаарах хэрэгтэй байна. Хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид эдгээр асуудалд маш их санаа зовж явдаг.
-Танай үйлдвэрийн хамгийн ачаалалтай үе хэзээ таардаг вэ. Удахгүй он солигдох гэж байна. Баярын өдрүүдэд ачаалал хамгийн их байдаг болов уу?
-Манайх шиг үйлдвэрүүд жилийн турш байнгын ачаалалтай ажилладаг. Шинэ жилийн баяраар ачаалал бага байдаг. Учир нь бялуу, кексийг манайх зөвхөн захиалгаар хийдэг. Харин коронавирус гараагүй байх үед цагаан сарын үед ачаалал оргил цэгт хүрдэг.
-Коронавирусийн халдвараас болж томоохон баяруудыг тэмдэглэхгүй өнгөрөөж байна. Энэ үед бизнес эрхлэгчид маш их хохирч байх шиг байна. Танайх “шарх”-аа нөхөхийн тулд ямар нэгэн төлөвлөгөө боловсруулах боломж хэр байна?
-Бизнесийн бүх байгууллага урт, богино хугацааны төлөвлөгөө боловсруулж ажилладаг. Өнөөдрийн нөхцөл байдалд нэгдүгээрт үйл ажиллагаагаа явуулж байх, хоёрдугаарт ажилчдын ажлын байрыг хадгалаж үлдэх нь хамгийн чухал байна. Одоогоор бидний зорилго төлөвлөгөө гэвэл энэ л байна.
эх сурвалж: zaluu.com