m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.16 05:01
491
Б.Бат-Орших: Хуулийн байгууллагын ажилтнуудын сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор олон үйл ажиллагааг явуулж байгаа

Шүүх эрх мэдлийн шинэчлэлийн хүрээнд Шүүхийн тухай хууль, Цагдаагийн байгууллагын тухай хуулиуд шинээр батлагдан гарч хэрэгжиж байгаа билээ. Дээрхи хуулиудыг хэрэгжүүлэх явцад зарим бэрхшээл анхаарах асуудлууд гарч байгаа талаар иргэд саналаа бодлоо илэрхийлж байгаагаа харгалзан үзэж нийслэл, тээвэр дүүргийн прокурор, цагдаагийн байгууллагын хувьд энэ талаар цаашид хэрхэн хамтран ажиллах, шийдвэл зохих ямар асуудлууд байгааг тодорхойлох зорилготой уулзалт болж байна.

Хуулийн байгууллагын ажилтнуудын сахилга хариуцлага хангалтгүй, эрүүгийн хэргийг удаан хугацаанд шалгаж иргэдийг хохироодог, иргэдийн өргөдөл гомдол хүсэлтэд хайхрамжгүй ханддаг, хуулийн ажилтны ёс зүйг зөрчдөг зэрэг шүүмжлэлүүд олон гарч байгаагийн нөхцлийг арилгах, ажилтнуудынхаа сахилга хариуцлагыг дээшлүүлэх талаар бодлогын шинжтэй авч хэрэгжүүлэх ажлын талаар санал бодлоо солилцлоо.

Зөвлөгөөнөөр шинээр батлагдсан хуулиудыг хэрэгжүүлэхэд гарч буй зарим бэрхшээл асуудлуудыг нэгдсэн ойлголт, үйл ажиллагаагаараа шийдвэрлэж байх талаар чиглэл удирдамж өгөгдсөнөөрөө ач холбогдолтой болж байна.

Нийслэлийн прокурор Б.Бат-Орших

-Цагдаа болон мөрдөх байгууллагуудын ажилтнуудтай уулзаж хамтран ажиллахад саад бэрхшээлийн талаар ярилцах ёстой юм байна гэдэг шийдлийг гаргасан. Өнөөдрийн үйл ажиллагаа улсын хэмжээнд болж байна.  Цахим байдлаар орон нутаг дахь цагдаа болон прокурорын байгууллагын төлөөллүүд энэ хуралд оролцож байна.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрэгжүүлэхэд ямар хүндрэл бэрхшээл гарч байна, үүнийг засаж залруулах, байцаан шийтгэх ажиллагааг шуурхай явуулахад ямар гарц шийдэл байгаа  талаар дэлгэрэнгүй ярилцаж байна.

-Зөвлөгөөнөөр дүүргийн хэмжээнд тулгамдаж байгаа ямар асуудлууд байна вэ?

-Дүүргийн хувьд тойргийн системд орсонтой холбогдуулан орон нутгаас хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж байгаа хэсгийн төлөөлөгч прокурорт ирэхэд цаг хугацаа алддаг гэсэн гомдлыг тавьж байна. Мөн орон нутгаас шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлт удааширч байгаа тул хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажил хойшилж иргэдийг чирэгдүүлэх гэх мэт асуудлууд гарч байна.

-Хуулийн байгууллагын ажилтнуудын сахилга хариуцлагыг дээшлүүлэх талаар ямар үйл ажиллагааг явуулж байна вэ?

-Хуулийн байгууллагад ажилладаг албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорлигоор  Улсын ерөнхий прокурорын газраас олон ажлыг хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд Хууль зүйн сайд, Улсын ерөнхий прокурор, Дээд шүүхийн ерөнхий шүүгчтэй хамтарч сахилга хариуцлагыг дээшлүүлэх үүднээс тушаал, шийдвэрүүдийг гаргасан. Үүний хэрэгжилтийн талаар цаг үргэлж танилцаж байгаа. Ёс зүйтэй байх, иргэдтэй зөв боловсон харьцах, байцаан шийтэх ажиллагааг шуурхай явуулах үүднээс дэс дараатай үйл ажиллагаануудыг явуулж байна.

Багануур дүүргийн прокурор Б.Пүрэвжав

-Хууль сахиулах ажилтнуудын талаар гомдол санал ирдэг шүү дээ. Иргэдийн зүгээс хууль сахиулах ажилтнуудын сахилга бат тааруу байна гэсэн дүгнэлтэнд хүрдэг?

-Хуулийн байгууллагын ажилтнуудын талаар гомдол санал гардаг. Гэхдээ гэмт хэргийн шинжтэй юу, байцаан шийтгэх хууль зөрчсөн үү гэдгээс шалтгаална. Түүнээс биш гомдол болгон эрүүгийн хэрэг юм гэж үзэж болохгүй.

-Ихэвчлэн ямар асуудлууд дээр гомдол ирдэг вэ?

-Байцаан шийтгэх хуулинд оролцогчдоос гарч байгаа хэргийн холбогдогч, сэжигтэн, яллагдагч, өмгөөлөгчдөөс гомдол гардаг. Эдгээр гомдлууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчиж хүний эрхийг хангасангүй гэсэн зөрчлүүд ихэвчлэн гардаг.

 -Эхний хагас жилийн байдлаар танай дүүргийн хэмжээнд хичнээн хэрэг гараад байна вэ?

-Он гарсаар прокурорын хэмжээнд гэмт хэрэг өссөн байна. Үүний шалтгаан нь Төв аймгийн Мөнгөнморьт, Баяндэлгэр, Хэнтий аймгийн Цэнхэрмандал гэсэн сумд манай дүүрэгт харьяалагдах болсон. Ихэнхдээ хулгай, хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, хүчирхийллийн шинжтэй хэргүүдийн тоо нэмэгдэж байна.