Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд зарим аж ахуй нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа зогссонтой холбогдуулан бизнесийн үйл ажиллагаа доголдож, орлого буурснаар нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлж чадахгүй нөхцөл үүссэн.
Тэгвэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ажил олгогч, даатгуулагчийг дэмжих зорилгоор 2020 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулж тайлагнахад хуульд заасан хугацаанд шимтгэл төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг Зөрчлийн тухай хуульд заасан торгох шийтгэл, алдангиас чөлөөлөхөөр “Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай” хуулийн төслийг боловсруулсан байна.
Уг хуулийн төслийг 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганаар хэлэлцэн баталжээ.
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаа үнэн, зөв мэдүүлэн ирүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэний бизнесийн үйл ажиллагаанд санхүүгийн дарамт нэмж учруулахгүй байх нөхцөл бүрдэх юм. Уг хуулийн үйлчлэлд 10000 орчим аж ахуйн нэгж, байгууллага 30 тэрбум төгрөгийн торгох шийтгэл, алдангиас чөлөөлөгдөх урьдчилсан тооцоо хийгдсэн мэдээллийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өгч байна.