Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй эмийн шинэчилсэн жагсаалтаар 2020 оны арваннэгдүгээр сарын 2-ноос эхлэн 136 ерөнхий нэршлийн, 522 нэр төрлийн худалдааны нэршлийн эмийг 30-70 хувь хөнгөлж байгаа.
Тодруулбал, Монгол Улсын Их Хурлаар 2020 оны наймдугаар сарын 28-ны өдөр батлагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд
- Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох эмийн үнийн хөнгөлөлтийн жорыг бүх шатны эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй эмч бичих,
- Бүх эмийн сангаар үнийн хөнгөлөлтийг олгохоор болсон.
Хууль хэрэгжиж эхэлснээр хойш 2020 оны арваннэгдүгээр сарын 2-ноос 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд хөнгөлөлттэй эмийн 357,244 жор цахимаар бичигдсэнээс 48 хувь нь даралт бууруулах эм байна. Харин эмийн сангаас авсан эмийн тоо 324,471 байна.
Цахим жороор хамгийн олон бичигдсэн эмүүд
- Даралт бууруулах 48 хувь,
- Цус шингэлэх эм 10 хувь,
- Тархины үйл ажиллагаа сэргээх эм 9 хувь,
- Цөс шингэлэх эм 9 хувь,
- Ходоодны хүчил бууруулах эм 9 хувь,
- Зүрхний цусан хангамж сайжруулах эм 8 хувь,
- Өвдөлт намдаах эм 7 хувь байна.