
Урин дулаан зун цаг айлчлал ирж, хүүхэд багачуудын зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн хүүхдийн зуслангууд нэгдүгээр ээлжээ хүлээн авч эхэлжээ. Хүүхэд бүр зуны амралтаараа зусланд амарч, олон найз нөхөдтэй болохыг хүсдэг. Зуслангийн үйл ажиллагаа хэрхэн эхэлж байгаатай танилцахаар нийслэлээс 28 км-ийн зайтай орших Гачууртын Баянтөхөмийн аманд байрлах “Галакси” зусланг зорьсон юм.

Биднийг 17.00 цагийн үед очиход зуслангийн багачуудын өдрийн үйл ажиллагаа өндөрлөж, амрагч хүүхдүүд өөр өөрсдийн дуртай зүйлсээ хийж, тоглож наадаж байлаа.Тус зуслан байгуулагдаад найман жил болж байгаа бөгөөд нэг ээлжиндээ 120 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай ч энэ удаа 50 гаруй хүүхэд амарч байгаа юм байна.

Бид оройн хоолны өмнө бүлгүүдийн өрөө, урлагийн заал, спорт тоглоомын талбайгаар явж танилцлаа. Зуны урт амралт дөнгөж эхэлж, зуслан анхныхаа ээлжийн хүүхдүүдийг хүлээн авч байгаа болохоор амрагчдын ихэнх нь бага ангийн хүүхдүүд байсан юм. Энэ ээлжийн хамгийн бага нь одоо гуравдугаар ангид орно. Харин хамгийн том нь нэгдүгээр курсэд сурдаг гэнэ.

Бид тус зусланд амарч буй хүүхдүүдтэй цөөн хором ярилцсан юм.
“Галакси” зуслангийн хамгийн бяцхан амрагч: 9 настай Дөлгөөн
-Зусланд амрах гоё байна уу?
-Гоё байна.
-Юу нь гоё байна?
-Олон хүүхдүүдтэй тоглох нь гоё байна.
-Ээж аавыгаа санаж байна уу?
-Ирээд ганцхан хоносон болохоор гайгүй ээ.
11-р ангийн сурагч ... /Амрагч охин маань нэрээ хэлэхийг хүсээгүй юм/
-Сайхан амарч байна уу?
-Сайхан, Үнэхээр гоё найрсаг хамт олонтой, бас чөлөөтэй байлгадаг учраас сайхан байна.
-Яагаад энэ зусланг сонгосон бэ?
-Найзаасаа сонссон л доо. Их гоё чөлөөтэй байлгадаг гэж хэлсэн.
-Чиний үеийнхэн цөөхөн байх шиг?
-Тиймээ би найзуудтайгаа хамт ирсэн. Эхний ээлж учраас ихэвчлэн бага ангийнхан амарч байгаа.
Биднийг ийн ярилцаж байх зуур 19.00 цаг болж зуслангийнхан оройн хоолондоо орохоор хоолны байрны гадна талбайд цугларсан байлаа.

Тэд сагсны талбай дээр тоглож байгаад шууд хоолондоо орохоор ирсэн. Гэтэл хэн ч тэдэнд гараа угаахыг сануулсангүй бас ганц ч хүүхэд гараа угаасангүй. Харин “Авангард” бүлгийн багш бүх хүүхдүүдийн гар дээр “Санитол” /гар ариутгагч/ дусааж өгөхөд хүүхдүүд хоёр алгаа хооронд нь үрсэн болчихоод хоолоо идэцгээв.

Хоолны сургаар их л өлссөн бололтой яаран сандран ирсэн хүүхдүүд хоолоо бараг идсэнгүй. Ихэнх нь ганц, хоёр халбагадчихаад гараад явчихав.

Би ч их л сониучирхан хамгийн түрүүлж гарсан хоёр охиныг даган өрөөнд нь орсон юм. Тэднээс яагаад хоолоо идээгүйг нь асуухад эхэндээ “зүгээр л” гэж хариуллаа. Харин хэсэг хугацаа өнгөрч жаахан юм ярьсаны дараахан “хоол нь амтгүй, бас хэтэрхий сул чөлөөтэй байлгадаг. Уг нь өнгөрсөн жил “Найрамдал”-д амарч байхад маш хатуу бүх юм нь цагийн хуваарийн дагуу байдаг байсан. Гэтэл энд тийм биш. Ямар ч зохион байгуулалт, хяналт байхгүй бас төлөвлөсөн ажлууд нь хойшилчихдог. Эсвэл бүр хийдэггүй. Гэхдээ бид хоёр ирээд ганцхан л хонож байна. Цаашдаа яахыг сайн мэдэхгүй байна” гэсэн юм.

Энэ хоёр охины хувьд энэ зуслан огтхон ч таалагдахгүй байгаа бололтой. Угаасаа ч хүүхдүүдийг ямар ч хяналтгүй, өөрсдийнх нь хүссэнээр эмх цэгцгүй байлгадаг нь ил задгай хаясан хог, эмх цэгцгүй өрөө тасалгаанаас илхэн харагдаж байлаа. Би ч тэсэлгүй “Хүүхдүүдийг ядаж энд байх хугацаанд нь хогийг заавал хогийн саванд нь хийх ёстой гэдгийг нь ойлгуулаад хооронд нь тэмцээн уралдаан зохиож болдоггүй юм уу, арай л хэтэрхий юм аа хаа сайгүй хог байна шүү дээ” гэхэд зуслангийн захирал А.Бурмаа хэсэг чимээгүй байснаа “Харин тийм ээ” гэснээс өөр үг хэлсэнгүй. Долоо хоногийн 140 мянган төгрөг төлөөд энд амарч байгаа хүүхдүүд ядаж л хогоо хогийн саванд гэсэн сэтгэлгээтэй болоод буцвал сайнсан.


