m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.17 03:41
167
Т.Бум-Эрдэнэ: "Сэмэрч үл барагдна" өгүүллэг

Билгээг ажлаасаа орж ирэхэд бага хүү нь тосон гүйж ирсэнээ гарт нь элдэв юм байхгүйг мэдээд нүдэнд нь үл ялиг гуниг үелзээд эргэж чавхадлаа. Багыгаа горьдоочихлоо доо гэж мэдэрсэн хэдий ч нэгэнт юмгүй тул одоо яахав. Гадуур хувцсаа тайлан зогстол эхнэр нь

- Өө миний өвгөн! гээд хошуун дээр нь шопхийтэл үнсчихээд цай аягалж өгөв. Тэгсэнээ хийж байгаагаа үргэлжлүүллээ. Эхнэрийнхээ хийж байгааг харсан Билгээ “Өнөөдөр бууз идэх нь ээ” гэж бодох зуур эхнэр нь нэг л хөнгөн сэргэлэн, сэтгэл өндөр байхыг ажив. Яагаад ч юм хацар дээрээ гурилдчихаж. Эгдүүтэй ч харагдах шиг.

- За миний хань! Өнөөдөр буузны өдөр үү?
- Үгүй ээ! хөгшөөн. Маргааш хүү ирнэ.
- Өө! нээрээ тийм л дээ хө. За тэгвэл би туслая.
Эднийх дөрвөн хүүхэдтэй. Том хүү нь өөр хотод сурдаг оюутан. Ахлах болон дунд сургуульд хоёр охин байх. Орж ирэхэд нь гүйж явсан нөхөр хамгийн бага нь. Хэнз амьтан. Хайр даллаж, хар хороон, энгэр газар дэлгэрсэн энхэр цэцэг л гэсэн үг. 
Том хүү нь буузанд дуртай. Хүү нь ганцаараа байгаа тул эцэг эх л болсон хойно идэж уухаас авахуулаад дутагдаж гачигдаж л байгаа хэмээн санаж, хэд хоног төрсөн гэртээ дуртай хоолоо идэж амраг гэж бодсон хэрэг. Билгээ цайгаа ганц нэг оочлонгоо эхнэртээ тусаллаа. Энэ зуур эхнэр нь хүүгийнхээ тухай л ярих аж. Хэрхэн тэнтэр тунтар алхаж байсан, тэр үедээ ямар баривч, ямар бойтогтой байсан тухай, хүзүү хоолойноос нь нялхамсаг хөөрхөн үнэр үнэртдэг байсан тухай гээд ярьж гарав. Ихэнхдээ л бага балчир байсан тухай л ярих ажээ.
“Хөөрхийдөө хүүгээ их л санаж дээ” хэмээн санаж эхнэрээ нилээн ажиглалаа. Эхнэрийнх нь нүдэнд саяхан төрсөн эх үрээ харах мэт гэрэл цацарч, аль залуу цагтаа Билгээгийн хөөрхөн гэж хардаг байсан тэр агшин царайд нь хаа нэгтээгээс очтон харважээ. Түүнийг дагаад Билгээд ч гэсэн хүүгийнх нь багын дурсамжууд өөрийн эрхгүй хөвөрч эхлэхэд, цээжний толионд зүүрмэглэж хоцорсон сэтгэлийн цэгээн шувууд дэрхийн, нар даллан дэвэх мэт сайхан. 
Хүүгээ бага ангид байхад нь сургуульд нь хүргэж өгөхөөр явтал хүү нь замдаа ангид нь нэг шинэ охин шилжиж ирээд, багш нь хажууд нь суулгасан гээд. Түүнээс ээжийнх нь үнэртэй ус үнэртдэг тухай ярьж явснаа яг сургуулийнхаа үүдэнд ирээд 
- Ааваа би нэг оймстой яваа гэх нь тэр
- Юу? Өрөөсөн оймсоо яасан? Одоо яанаа? гэтэл
- Эрээд олоогүй. Гэхдээ зүгээрээ би заримдаа ингээд л явчихдаг гэж билээ. Билгээ өрөөсөн оймсгүй байж бас охин ярьчихнаа хэмээн бодож инээд нь хүрнэ.
Тэгтэл бага хүү нь давхин ирж ганжин булаацалдаад дийлэхгүй болохоороо нэг бууз аваад зугтлаа. Ээж нь араас нь хөөцөлдөж харайна. Инээж, ханиаж явсан хүү нь уйлаан майлаан болсоор буузаа алдана. Эднийд хүүхдийн шуугиан, охидын хэрэлдэх, ээжийн хангинах бол эгэл жирийн л үзэгдэл. Энэ бүхэн эдний амьдралын симфонийн үндсэн дуугаралт. Ерөөс хүүхэд бужигнасан айлын л дүр төрх тул нэг их гайхам зүйл биш. Билэгт эхлээд эхнэрээ ажиж байснаа одоо бүгдийг ажиглаж эхэллээ. Тэгээд 
- Охидууд хаачаав?
- Хайчихав. Өрөөндөө ороод хаалгаа хаагаад таг гэснээ
- Хөөе! хүүхдүүдээ алив туслаач. Эднийг хөлдөөмөөр байна. Ядаж энэ дүүгээ саатуулж байж чадахгүй нь уу. Бага охин нь гарч ирсэнээ
- Яая! Баяр болж байгаа юм уу? 
- Үгүй ээ үгүй. Агаа чинь маргааш ирнэ гэнэ. Хоёр хоног амрах юм байх гэтэл том охин нь 
- Ээж зүгээр агаа ирнэ гэхээр хөл алдчих юмаа. Ямар өлсөж үхэх гэж байгаа биш.
- Юу гэж байгаа юм энэ чинь. Гэрээсээ хол байгаа амьтан хааяа өлсдөг ч юм билүү. Та нар шиг ямар бэлэн хоолон дээр тарвалзаж байгаа биш.
- Сайхан юмаа. Хэзээ нэг цагт, хаа нэг тийшээ явж агаа шиг ингэж хүндлүүлж үзэхсэн гэх нь ахдаа жаахан атаархаж байгаа бололтой. Ер нь иймэрхүү зөрөх маягтай яриа өрнөхөд Билгээ ихэвчлэн хүүхдүүдийнхээ талд ам ангайдагсан энэ удаа тэгсэнгүй дуугүй л байлаа. Төдхөн нөгөө өрөөнөөс бага охин
- Ээжээ энэ Оргилийг хараач ээ. Хүний үзэг авчихаад өгөхгүй байна гэх дуулдана
- Аргалаад авахгүй юу. Дүүгээ аргалчихаж чадахгүй гэх. 
- Агаа бидэнд бэлэг авчирч өгөх болов уу?
- Ишш! Өөрийгөө яая гэж байж юун та нарт бэлэгтэй манатайв дээ гэснээ
- Өө тийм! Хүү чинь найз охинтой болсонюм шиг байна лээ 
- Яаж байна? 
- Дээр л нэг ярихдаа асуусан чинь байгаа л гэх шиг болсон гэтэл том охин нь
- Хн! Тэгвэл тэр лүүгээ хамаг ухаан санаа нь явчихаад юун биднийг гэх манатай. Хоёр хононо гэсэн нь үнэн юмуу? Аягүй бол өдөртөө буцна гэх байлгүй. Ямар амьтан байгаа бол? гэж намжирдана. Одоо бол ахыгаа хэн нэгнээс харамлаж байгаа шинжтэй. Ээж нь 
- Зулай зулайгаа гишгэж төрөөгүй юм шиг та нар юунд ингэж бие биенийгээ хэмлэж байдгийн гээд Билгээг нэг юм хэлэх болов уу гэсэн янзтай түүн рүү харснаа “Хн! манай энэ ер нь юу бодож явдаг бол” хэмээн бодно. 
Харин Билгээ дотроо “Хүүхдүүд том болно гэдэг сонин юм даа. Эд нар маань тус тусдаа хүн гэдгийг бид урьд нь яагаад боддоггүй байсан юм бол. Яагаад ч юм бүгд л нэг ижил бодол санаатай, нэгэн зүгт байх ёстой мэт боддогсон” хэмээн бодож суулаа. 
Хүсэн хүлээсэн өдөр болж хүү ирлээ. Нэг л их том залуу болжээ. Ганц жилийн дотор бие хаа нь ч байрагшиж, дуу хоолой нь бүдүүрсэн шиг. Аав ээждээ үнсүүлчихээд, дүү нараа үнсэх гэхээр эвэлж өгөхгүй байгаа нь харагдана. Нөгөө хэд нь тэгэсхийгээд мухайж байгаад духаа үнэрлүүлэх. Өнөө бага атаман бол мэдэх юм алга. Агаа гэдэг энэ юм байх гэсэн янзтай. Харин бага сага юм хүн болгонд өгсөн болохоор сайн хүн гэж бодогдоно. 
- За миний хүү сайн уу? Сонин сайхан юу байна? Хичээл ном сайн уу? 
- Өө! яахав сайн сайн. Та нар сайн уу? гэснээр эхэлж цай цүй, хоол унд болцгоов. 
Хүү нь ноднин ирэхдээ гэрээ нилээн санасан янзтай, элдвийг ярьж, асууж, дүү нартайгаа тоглож, гэртээ байгаадаа жаргалтай байгаа харагдсан. Энэ жил нэг л өөр харагдана. Ерөнхийдөө дуу цөөтэй. Тэгсэн хэрнээ өөрийгөө нилээн хүчлэн байгаа нь анзаарагдана. Муу ээж нь л чааваас энд тэнд гараад л, хаа нэг хацар мацрыг нь илчих, үнсчих санаатай. Эхлээд зүгээр л байснаа төдөлгүй ээж рүүгээ нэг их харснаа зулрах аястай. Өчигдөрхөн л хүүгээ нялхаараа шахам байгаа мэт төсөөлөн хөнгөмсөж байсан ээжийнх нь сэтгэл тэр тоолонд сэмрэн урагдах нь Билгээд бараг сонсогдоно. Хэсэг хугацааны дараа нь хүү нь нэг л хийж байх юм нь олдохгүй байгаа бололтой босож, сууна. Ээж нь хий дэмий 
- Миний хүү яамаар байна? гэх 
- Зүгээрээ ээжээ гэснээ
- Аяга угаадаг ч юм билүү гэнэ. Тэгсэнээ дүүдээ
- Төгсөх боллоо ш дээ. Хичээл номоо анхаарч байгаа биз. Ямар сургуульд орох бодолтой байна? гэхэд дүү нь
- За мэдэж л байна шүү дээ. Юун том болчихсон юм хэмээн уцаарлах нь яг л нэг гэртээ байсан шигээ ажээ. Билгээ энэ бүгдийг ажиж суухдаа бодсоор байна. “Хүүхдүүд маань өсөж байгаа юм байнаа. Тус бүр өөрсдийн гэсэн өнгө хослуулсан, өөр өөрийн ертөнцтэй болж байгаа юм байна. Түүнээс манай хүүхдүүд л гэж хоорондоо таардаггүй, ааш хүүдийлсэн улс биш. Айл айлд л ийм байдаг. Бид ч гэсэн багадаа ах дүү нартайгаа таарахгүй хэрэлдэж, маргалддаг л байсан санагдана. Хүүхдүүд маань эндээс гараад өөр өөрийн хувь тавилангаар амьдарцгаах гэж одооноос бэлдэцгээж байгаа нь энэ. Яг ийм үе дээрээ тэд эцэг эхийгээ нэг их анзаардаггүй гэхэд болно. Би ийм байна, тийм байна. Намайг мэдэхгүй, ойлгохгүй байна гэсэн буюу ерөнхийдөө тэд одоо «би» дээрээ л байгаа хэмээн санаж тэднийгээ хэн нэгнээс, бараг юуханаас ч өмөөрч, өмгөөлж бодох нь сонин.
Хүү нь тэгэс ингэсхийгээд хаа нэгтээ утсанд цаг заваа гарган суух. Бодвол нөгөө охинтойгоо л ярьж байгаа бололтой. Ээж нь харин хүүгээ ажих тусмаа хэн нэгнээс харамнах мэт болж гол руу нь нэг юм зурах ажээ. Хүүгийн хоёр хоног дорхноо л өнгөрлөө. Яг явахын толгой дээр хэн хүнгүй л эвгүйрхэнэ. 
Гадаа гарч хүүгээ гаргаж өглөө. Хүү нь аав ээждээ үнсүүлж, дүү нарынхаа толгойг илчихээд, цаанаасаа бас ч гэж нилээн цэнэг авсан юм уу гэмээр сэвлэг үлээх бяцхан салхи сөрөн итгэл төгс цааш алхах нь ижлээ харан давхих ганц бүгээн унага мэт. 
Эхнэр нь хүүгийнхээ явсан тэр л замыг ширтэн амьдралын харгуйд хүүгээ мордуулчхаад баясах, харуусах сүлэлдүүлэн өмөлзөн зогсох нь өрөвдмөөр.
Билгээгийн дотор ч гэсэн намрын сүүлчийн шувуу нисэхдээ нуурын мандалд үлдээсэн долгион аажим аажмаар замрах мэт гэгэлзсэн хөнгөн гуниг гүвэлзэнэ. 
“Өчигдөр зайлуул энэ хүү миний хүү биш болжээ гэж суусан. 
Үгүй дээ хань минь! Яг одоо миний хүү залуу хүний сурч мэдэх, хайрлан дурлах, хүсэж мөрөөдөхийн гэгээн алсад үргэлжлэх ногоон талын захад нүүр илбэн үлээх зөөлөн салхи сөрөн зогсож байна. Алс тэртээд нүүгэлтсэн газар тэнгэр тэврэлдэх тэр хязгаарт хүрэхийг хүсэн жигүүр дэлгэн нисэхийн тулд одоохондоо эргэж харахыг хүсэхгүй байгаа. Аавын хүү ээж аавтайгаа хорин жил амьдарсаан. Харин одоо жар далан жил хайрлаж энхрийлэх, хацрыг чинь илж, гарыг чинь атгах тэр хүн рүүгээ, хувь тавилан руугаа явах нь , яарах нь зөв өө. Энэ хүүгийн нисэх цаг нь болжээ. Түүнээс биш хэзээ ч гэсэн бидний хүү хэвээрээ л байх болно. 
Чи минь сайн эжий. Тийм ч учраас хүү нь сайн явна. Өөрийгөө ойлгохгүй байна гэж хүүдээ битгий гомдоорой. Тэд ээжийгээ ойлгоно. Ойлгож ч байгаа. Гэхдээ тэдний илэрхийлэх цаг нь болоогүй. Тэд өөрсдийгөө их том болчихлоо гэж бодож байгаа юм. Эжий аавынхаа хайр энэрлийг санасан, мэдэрсэн иймэрхүү юм яривал буцаад жоохон болчих юм шиг санаж яваа. Бид ч гэсэн ийм насан дээрээ ямархуу л юмнууд явлаа даа. Надад зөвхөн чи, чамд ганцхан би байгаа мэт л байсан даа. Тэр үед бид ээж аавыгаа биднийг хэрхэн харж, анзаарч, бас хайрлан өхөөрдөж байгааг мэддэггүй байсан. Магадгүй тэд яг л өнөөдрийн бидэн шиг сэтгэл зүрхээ сэмлэн байж, сар гансарч, нар халиртал санаа алдан зогссон болов уу. Тиймээ миний хүүхдүүд хэзээ нэгэн цагт энэ бүгдийг ойлгоно. Харин ойлгосон тэр цаг үедээ оройтож удалгүй ээждээ мэдэгдэж элгий нь дэвтээж байгаарай. Хүмүүн бид чинь мөнх биш шүү дээ” хэмээн тэртээд одсон хүүгийн араас Билгээгийн бодол гүйцчих юм шиг салхи салхиар өртөөлөн явна. Гэвч тэр хоёр зогссоор ... 
“ Хүү маань ч яахав эхнийх нь. Одоо удахгүй охидууд маань сэтгэлийг чинь сэмлэж, түүгээрээ жигүүрлэсээр энэ гэрээс нисэн одоцгоох болно. Тэр тоолонд чи минь үрээ гэх үгүйлшгүй баян сэтгэлээ тэнцүү хуваах хэрэг гарна даа. Гэхдээ чи минь чаднаа. Эх хүний сэтгэл гэдэг яасан ч сэмэрч үл барагдах агуу эд байдаг юм бэ дээ. 
Хаа очиж энэ бага маань арай болоогүй байна. Харин бид яаж зориг гаргаж ганц хэнз амьтантай болсон юм. Тэр маань онож дээ. Хувь заяаны хишиг юм байхаа даа” гэснээ тэртээ холын аянаас дөрөө мултлах мэт хэт аяншсан бодлоо хурааж, цааш харан мөрөө чичрүүлэн зогсоо эхнэрээ “яаж тайтгаруулдаг юм билээ” гэж бодсоноо. “Энэ бодсон бүгдээ яривал бүр улцайчихаж мэднэ. Хэнэггүйхэн байя” хэмээн санаж эхнэрээ мөрөөр нь тэврэн
- За энэ чинь уйлах нь уу даа. Хол газар унаа тэрэгтэй яваа хүүхдийн араас уйлж унжаад яахнав. Элдэв янзын юм болчихвол яана. Ямар дахиж уулзахгүйгээр явчихаж байгаа биш гээд гэрлүүгээ эргэлээ. 
Нээрээ л хүүгээ машин барьж явааг санасан хэдий ч гунигийн гол тасрахгүй Билгээгийн араас харж санаа алдан “Эрчүүдээ гэж юмны нарийн ширийнийг ойлгохгүй, бүдүүн баргийн ч улсаа даа та нар” хэмээн бодон гэлдэрч явлаа. Тэгтэл тэдний өөдөөс 
- Ээжээ! Ааваа! гэсээр бага хүү чавхдаж ирэв. Тэр цаанаас бага охиных нь 
- Ээжээ! наад Оргил чинь дэвтэр дээр сараачаад хаячихлаа ш дээ гэсэн дуу хадна...